Foto: http://www.chem.msu.suНобелийн нэр, юуны өмнө дэлхийн хамгийн хүндтэй шагнал Нобелийн шагнал алдартай. Энэ шагналыг хүртэгсдийн дотор оросууд ч бий. Тэдний нэг болох физикч эрдэмтэн Жорес Алферов нэрт зураач Зураб Церетилийн хамт тус сангийн дарга болов.
Орост Нобелийн сан байгуулсан нь түүхэн утга учиртай. Нобелийн гурван үеийнхэн 19-20-р зууны заагт 1917 оны хувьсгал хүртэл 80 жилийн турш Орост аж төрж, ажиллаж байв. Тэд улсын ШУ, үйлдвэр, юуны өмнө нефть, хийн салбарыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, ах дуу гурван Нобель – Людвиг, Роберт, Альфредийн мэдэлд байсан оросын нефтийн «Бранобель» үйлдвэр тэр үед дэлхийн хамгийн томд тооцогддог байв. Нобелийн шагналын ачаар хамгийн бага дуу Альфред их алдаршсан. Гэхдээ хамгийн ахмад Людвиг мен амжилттай судлаач, үйлдвэрийн эзэн байв. Чухамхуу түүний ачаар ОУ нефтийн анхны хоолой тавьж, шингэн тээгч хөлөг онгоцны флоттой болж, бас керосин чийдэнгийн загварыг сайжруулжээ. Людвиг Нобель Оросын хааны техникийн нийгэмлэгийг үндэслэгчийн нэг байж, аугаа их химич Дмитрий Менделеевтэй үерхэж, хаанд нэг бус удаа бараалхаж байжээ. СПб дахь Людвиг Нобелийн нэрэмжит төмрийн «Дизель» завод Оросын цэргийн цогцолборын охь манлай байв.
Нобелийн алдарт шагнал ч орос үндэстэй байсныг тэмдэглүүштэй. Людвиг Нобель нас барж, түүнийг СПб-гт оршуулсаны дара түүний хүү Эммануэлийн саналаар 1889 онд Оросын Хааны техникийн нийгэмлэгийн дэргэд нефтийн үйлдвэр, металлын салбарт Нобелийн анхны шагнал бий болгожээ. Тэр шагналаар гарамгай ололт болон практикт нэвтрүүлсэн ШУ-ы нээлтийн төлөөнөө оросын эрдэмтэн, судлаачдыг шагнаж байв. Шагналтнуудад алтан медаль, Нобелийн гэр бүлийн орлогоос мөнгөн шагнал олгож байв. Тэгэхээр чухамхуу энэ шагнал хожим Альфред Нобелийг өөрийн бүх хөрөнгө, 30 хувийг нь Орост ажил хийж олсон 2 тэрбум орчим долларыг Нобелийн хороонд гэрээслэхэд хүргэжээ.
Шинээр байгуулсан Оросын сан Нобелийн гэр бүлийн хандивын уламжлалыг үргэлжлүүлнэ. Тус сан ШУ, үйлдвэрлэлийн холбоо, шинэхэн технологи нэвтрүүлэх болон соёл, урлагийг дэмжих болно. Нобелийнхон өөрсдөө техникийн боловсролтой хүмүүс байсан төдийгүй, сайхан зүйлийг үнэлж чаддаг байжээ. Жишээ нь, орос хэл төгс мэддэг байсан Альфред Нобель оросын уран зохиолд маш дуртай байжээ. Дашрамд дурдахад, оросын уран зохиолын 20-р зууны шилдэг таван төлөөлөгч Бунин, Шолохов, Пастернак, Солженицын, Бродский нар Нобелийн шагнал хүртжээ.

Орчуулагч П. Шагдар