Foto: www.seun.ru/oldssea/70letТүүхийн ухааны доктор энэ хүн Монгол оронтой холбоотой болсоор 50 гаруй жил болжээ. Энэ эрдэмтэнтэй манай сурвалжлагч Александр Жуков ярилцлаа.
- Владимир Викторовичийг би эртнээс танина. Би бур залуу байхаасаа түүнийг Оросын монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулсан том эрдэмтэн гэж мэддэг байсан юм. Тэр 1937 онд Харьков хотод төрснийг би түүнтэй уулзах үед мэдсэн, тэр нутгийг фашистууд эзэгнэж байх үед эцэг эхтэйгээ нууж, 1944 онд л Харьковт буцаж очиж, 10 жилийн дараа дунд сургуулийг мөнгөн медальтай төгсчээ. Тэр ондоо Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан болсон байна. Тэр энэ тухайгаа ярихдаа:
- Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн монгол хэлний ангид орсон. Хожим ГХЯ-нд ажиллаж байсан Лев Ореховтой хамт сурч байсан. Сургуулиа 1960 онд төгсөөд, БХЛКЗЭ-ийн Төв Хорооны дэргэдэх Комсомолын төв сургуульд орчуулагчаар ажилласан. Тэнд зургаан жил ажилласан нь ярианы хэл эзэмшихэд сайхан дадлага болсон. Харин 1966 оноос ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний бага ажилтнаар орсон үеэс Монгол орныг сонирхож, Монголын түүх, соёл, аж төрөх ёсыг илүү гүнзгий судлах болсон. Ингээд би эрдэмтний хувиар Монгол орныг 40 гаруй жил судалж байна. Гэхдээ 10 жилд нь Улаанбаатар хотод Оросын ЭСЯ-нд ГХЯ-ны томилолтоор ажилласан. Энэ нь 1982-1988 он, бас 1996-2000 он байлаа. Тэр үед ч эрдэм шинжилгээний ажил хийж байсандаа баяртай байдаг.
Владимирцов, Позднеев, Козин мэт лут хүмүүс үндсийг нь тавьсан нь Оросын монгол судлалд их хувь завшаан болсон юм. Нүүдэлчид нүүдэлчний аж төрөх ёсоос суурьшлынхад шилжсэн бодит үйл явц миний шинжилгээний судалгааны ажил болж, би 1974 оны эцсээр энэ сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. Цаашдаа энэ сэдэв миний эрдэм шинжилгээний ажлын гол сэдэв болсон. Энэ сэдвээр би хэдэн ном, гагц сэдэвт зохиол бичсэн. Энэ үндсэн дээр би 1997 онд түүхийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан.
- Владимир Викторович оо! Та монголч эрдэмтдээс хэнийг багшаа гэдэг вэ?
- Намайг Монголын судлал эхэлж үзэх үед монгол судлалын домогт хүн Илья Златкин амьд байсан. Дылыков, Гарма, Санжеев, Ринчино, Козырев нарыг дурсахгүй байх аргагүй. Тэд бүгдийн ачаар би Монгол орны тухай сайн мэддэг болсон.
- Та Монголын ямар шагналтай вэ?
- 1971 онд намайг Монголын ардын хувьсгалын 50 жилийн ойн медалиар шагнасан. Тэр жил би ЗХУ-ын ололт амжилтын үзэсгэлэнд ахлах орчуулагчаар ажиллаж байсан. Дараа нь «Найрамдал» медалиар, өнгөрсөн жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар шагнасан. Түүнээс гадна би Монголын ШУА-ийн хэдэн шагнал авсан. Өнгөрсөн жил намайг Монголч эрдэмтдийн олон улсын холбооны хүндэт гишүүнээр сонгосон. Энэ нь их нэр төрийн хэрэг гэж би боддог.
- Энэ тэмдэглэлт өдөр та Монгол дахь найз нөхөдөө «ОДХ» радиогийн долгионоор юу хэлэхсэн бол?
- Энэ өдөр би олон арван жил нөхөрсөг харилцаатай явж ирсэн олон монгол найз, ажил үйлс нэгт нөхдөө дурсаж байна. 40 гаруй жилийн өмнөөс таних профессор Дашзэвэг, Түүхийн хүрээлэнгийн захирал Дашдаваа, академич Далай, сүүлийн үед нягт хамтран ажиллаж байгаа Олон улсын судлалын хүрээлэнгийн Хайсандай, ШУ-ы доктор Дамдинсүрэн, Батсайхан, Шурхүү нарт хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Тэдэнд эрүүл мэнд, газар дэлхий дэх хамгийн үнэт зүйл – айл гэрийн аз жаргал, мэдээжээр ажил хөдөлмөрийн их амжилт хүсэн ерөөе. Бид дахин дахин уулзаж байхын ерөөл талбия.

Орчуулагч П. Шагдар