Foto: http://www.nashavlast.ru/archive/2006/04/08.htm- 4-р сарын 12 нисэх хүч, сансар судлалын дэлхийн өдөр. 46 жилийн өмнө, 1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн цэргийн нисэгч Юрий Гагарин Байконурын сансрын хөлгийн буудлаас «Восток-1» хөлгөөр гараагаа авч, дэлхийнхнээс анх удаа тойрог замд ниссэн юм. Дэлхийг ердөө ганц удаа, бүтэн хагас гаруйхан цагт тойрсон. Гэвч энэ ганц тойргийн ач холбогдол эрин үеийн ач холбогдолтой болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.
- … «Олон зуун жил өнгөрөхөд хүн төрөлхтөн нар орчмын уудмыг баттай эзэмшинэ. Тэгээд ч хүн очих бүх гаригт сансрыг анхлан эзэмшигч, Хорвоогийн анхны иргэн Юрий Гагарины нэр хэзээ ч мартагдахгүй». Сансрын нисэгчид бэлтгэх ажлыг 11 жилийн турш удирдсан генерал Николай Каманин «Далд сансар» номондоо тийн бичжээ. Тэр Юрий Гагарин, Герман Титов, Валентина Терешкова, Алексей Леонов нарыг бойжуулжээ. Тэдний нэр дэлхийн сансар судлалын түүхэнд үүрд бичигдсэн, учир нь тэд бүгдээрээ «анх удаа» гэсэн үгтэй холбоотой юм.
- Юрий Гагарин сансарт 27-тойдоо ниссэн, харин бур залуугаараа 34-хөн настайдаа насан эцэс болсон… Түүний хоромхон биш амьдралын тухай бүх юм тодорхой юм шиг санагдана. Смоленск нутгийн тосгонд тариачин айлд бага насаа өнгөрүүлж, Москва орчимд гар урлалын сургуульд сурч, улмаар цэргийн нисэгчийн сургууль дүүргэн, Туйлын чанадах нутагт алба хаахдаа дэслэгч Гагарин шинэ техник эзэмшжээ. Дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсний дараахан түүнийг сансрын нисэгчдийн отрядад элсүүлж, нислэгт няхуур бэлтгэж байв. Тэр тойрог замд 108 минут аяласан мартагдашгүй гарааны тухай бүх зүйл тодорхой. 1968 оны гуравдугаар сард сөнөөгч нисэх онгоцоор сургуулийн нислэг хийж байгаад эмгэнэлтэй амь үрэгдсэн талаар ч бараг бүх зүйл тодорхой болсон. Гэхдээ тэр үйл явдал, гарааны өмнө Гагарины хэлсэн үгийг тухай бүрийд шинээр хүлээж авдаг. Тэр ярихдаа:
- Хэдхэн хоромын дараа сансрын хүчирхэг хөлөг намайг Орчлонгийн алсын уудам руу авч явна. Гарааны өмнөх энэ сүүлчийн хоромд юу хэлж болох вэ? Миний бух амьдрал одоо ганц сайхан эгшин шиг санагдана. Амьдарсан бүхэн, урьд нь хийсэн бүхэн энэ л хоромын төлөө хийгдэж, амьдарсан байжээ. Би сансарт анх нисч, байгалтай урьд хийгээгүй тулаанд ганцаараа нуур учрах их аз завшаан надад таарчээ. Үүнээс ихийг мөрөөдөж чадах уу?..
- Юрий Гагарин «оддын цагтаа» сансрын нисэгчдийн анхны отряд дахь таван нөхөр шигээ буурьтай, сонирхолтой бэлтгэжээ. Тэгтэл удтал хүлээсэн үйл явдал болж, чухамхуу түүнийг сансарт анхлан илгээхээр шийджээ.
Николай Каминин өдрийн тэмдэглэлдээ бичихдээ: «Урьд нь бид хамт хооллосон. Маш цатгалан байсан, гэхдээ тэр үед сансрын нисэгчдийн хоол гойд амттай байгаагүй, шахмал хоол байв. Нэгдүгээр хоол махтай шөл, хоёр дугаар хоол махан нухаш байсан, дараа нь шоколадан шүүс уусан. Юрагийн бие гойд сайн байсан, даралт, биеийн халуун, судасны цохилт хэмжээндээ байлаа.
- Нисэх үед физиологийн үүргийг бүртгэхэд зориулсан хэмжигчийг урьдаас наасан байв. Каминины өөдөөс харж суусан тэр ярихдаа «Маргааш нисэх нь, ниснэ гэдэгтээ би одоо ч итгэхгүй байна. Өөрөө тайван байгаадаа гайхаж байна» гэжээ.
Нислэгийн өмнө Гагарин сэтгэл хөдөлгөм товч үг хэлэв. Их хөдөлмөр хийж гуйцэтгэсэн эрдэмтэн, байлдааны ангийн цэрэг, дарга нар, аж үйлдвэрийн төлөөлөгчид, өөрийг нь үдсэн отрядын найз нартаа талархал илэрхийлэв. Тэгээд гараагаа эхэллээ. Дохио өгөв. Хүчирхэг пуужингийн хөдөлгүүр казахийн тал даяар нүргэлэн дуугарав. Сүүлчийн секунд. Пуужин хөөрлөө! Гагарин «Явлаа!» гэсэн алдартай үгээ хэлэв.
- Гагарин хэдэн жилийн дараа нислэгээ дурсахдаа яагаад энэ үгийг хэлэх болсноо тайлбарлажээ. Салах ёс гуйцэтгэх үед бугд сэтгэл догдолсон нь мэдээж. Сэтгэл хөдлөм байсан. Дараа нь өргөгч шатан дээр ажилчид ирсэн, тэд нээлхийний тагийг хааж, бин битуу байдлыг шалгах ёстой байсан. Энэ хүмүүс олон пуужин, сансрын объект хөөргөсөн, харин сансарт хүн анх явуулж байсан болохоор сэтгэл нь ихэд хөдөлжээ. Тэд дуулга руу алгаараа цохиж, амжилт хүссэн. Гагарин тэдний сэтгэл догдлолыг ямар нэг аргаар намжаахыг хүсчээ. Хөдөлгуур залгагдаж, пуужин гарааны ширээнээс өргөгдөх үед тэр байдлыг яаж ийгээд намжаахыг бодож, ердийн сэргэлэн дуугаар «Явлаа» гэж хэлнэ гэж боджээ. Гараа гойд сайн болжээ.
- Нислэгийн бүр эхэнд таагүй цөөн секунд болсон, сансрын нисэгч дэлхийг сонсохгүй, дэлхий ч түүнийг сонсохгүй байв. Гараа авсан газарт үлдсэн бүх хүн сэтгэл нь зовж, гар нь чичирч, дуу нь танигдахгүй болтол өөрчлөгджээ. Гэхдээ сансрын нисэгчтэй холбоо сэргэхэд бүгд тайвшран санаа алдаж, «Восток-1» тойрог замд гарсныг сонсчээ. Дараа нь хөлөг доошлох үед сэтгэл догдолжээ. Эцэстээ Юрий Саратов мужид дэлхийд бууж ирснийг мэдэв. Хошууч Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болов.
Бараг хагас зуун жил өнгөрөв. Сансрын техник улам боловсронгүй, найдвартай болж, түүний шинэ төрлийн хэрэгсэл, шинэ хөтөлбөр, түүний дотор олон улсын хөтөлбөр бий болов. Дэлхийгээс янз бүрийн үндэстний 450 хүн, тэдний дотор монгол хүн ч сансарт хөөрөв. Гэхдээ зөвхөн нэг зүйл өөрчлөгдөөгүй, анхны юм ямагт анхных байх болно…

Орчуулагч П. Шагдар