Буриадын аялал жуулчлалын агентлагийн тэргүүн Людмила Максанова ийнхүү итгэж байна. Буриад Улс эдийн засгийн онцгой бүсийн статустай болсоны дараа энд аялал жуулчлал хөгжүүлэхийг урьтал болгох зорилт болгожээ. Тэгэхдээ шашны чиглэлийн аялал жуулчлалыг голчлох юм, учир нь Буриад Улс бол буддийн шашны шүтээн, хөшөө дурсгал маш олонтой Оросын ганц нутаг юм. Энд аялал жуулчлал хөгжүүлэх бүх зүйл бүрдсэн, хосгуй байгал, соёл-түүхийн өвтэй, оросын болон гадаадын жуулчдын эрэлт улам нэмэгдэж, бас улсын болон орон нутгийн төсөв, мөн хувийн эх үүсвэрээс хөрөнгө гаргахаар төлөвлөж байна.
Гол төлөв хил дамнасан хөтөлбөрт үндэслэсэн тойрон аялал ч их ирээдүйтэй байна. Түүний нэг болох «Сибирийн зүүн тойрог» хөтөлбөрийг хэдийн боловсруулж байна. Улаанбаатар-Токио-Хабаровск-Якутск-Эрхүү-Улаан-үдийн замаар ирэх тавдугаар сард Япон, Орос, Монголын аялал жуучлалын операторуудын сурталчилгааны аялал хийхээр төлөвлөж байна.
Түвд эмнэлгийн төвүүдэд эмчлүүлж амрах нь хөгжүүлэх бас нэг зүйл болох нь эргэлзээгүй. Жишээ нь, саяхан Горячинскт рашаан сувилалын газар нээгджээ. Рашаан сувилал, дорнын эмнэлгийн төв хөгжүүлэх нь бас тус улсад аялал жуулчлалд урьтал болгох зорилтын дотор багтаж буй, учир нь тус улсын нутагт 350 гаруй рашаан байдаг юм.
Котокелийн нуурын хавьд уулын цанын орчин үеийн төв барих нь энэ салбарын хамгийн том үйл явдал болно гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Тэнд Улаан-үдээс 200 км хүрэхгүй газарт 700 гаруй хавтгай дөрвөлжин км талбайд уулын цана, усны аялал жуулчлалын төв бүхий аялал жуулчлалын орчин үеийн тев байгуулах юм. Тэндхийн уул нурууд хосгүй байрлалтай нь спортын цасны төрөл сонирхогчдын сэтгэлийг гойд татна, учир нь Европын цанын дээд зэргийн газрууд зочиддоо 5 км явах зам л гаргаж өгдөг бол буриадынхад 9 км хүртэл урт замаар гулгаж болно. Доош уруудах 84 газар байгуулах юм. Түүний дээр энэ нутагт эмчилгээний шавар, эрдсийн усны ундарга нээсэн нь уулын төгс төгөлдөр сувилал байгуулах боломж олгоно. Эцсийн хувилбараар энд 800 коттеж, 54 зочид буудал барих ёстой.

Орчуулагч П. Шагдар