Тэр илтгэлд бичснээр бол, азийн орнууд ядуурлын асуудлыг 2020 он гэхэд шийднэ. Тэдгээр орны ДНБ дэлхийн ДНБ-ий 45% болно. Тэр үед дэлхийн худалдааны 35 хувь Ази тивд ногддог болно.
- Хараат биш нэр хүндтэй шинжээчдийн таамгийг бас ашигласан Азийн хөгжлийн банкны энэхүү маш өөдрөг таамнал нь эдийн засгийн өсөлтийн тухайд тодорхой үндэстэй юм. Харин ядууралд хамаатай асуудал нь жич хэрэг. Тэр тусмаа илтгэлд өдөрт нэг хүн нэг доллараас бага орлоготой байхаар тодорхойлсон «туйлын ядуурлын» тухай л өгүүлжээ. Ингэхээр өдөрт 2-3 юмуу тэр орчмын долларын орлоготой хүмүүс Азийн орнуудад туйлын ядуучуудын дотор орохгүй юм. Азийн орнуудад «туйлын ядуу хүний» тоо 2003 онд 19% байжээ. Тэр нь Азийн хөгжлийн банкны таамналаар 2020 онд 1 хувь хүртэл буурах ёстой.
Гэвч энэ таамнал үнэн байлаа ч Азийн оршин суугчдын 25-аас цөөнгүй сая хүн туйлын ядуу хэвээр байна. Хятад, Өмнөд болон зуун өмнөд Азид хүн ам түргэн олширч байгааг харгалзвал тэдний тоо хэрэг дээрээ хавьгүй олон болж мэднэ. Азийн орнуудад нийгмийн эсрэг тэсрэг байдал багагүй хүрц байна. Тус тивийн олон улсад эдийн засаг, ШУТ-ийн дэвшлийн үр шимийг туйлын жигд бус хувиарлаж байна. Иймээс дундаас доош орлоготой хүний хувь их байна.
Гэсэн ч Азийн орнуудын эдийн засаг хөгжиж, дэлхийн худалдаанд гүйцэтгэх үүрэг нь ихээхэн нэмэгдэх таамнал дэлхийн нийт дотоод бүтээгдэхүүнд Азийн эзлэх хувь 45% хүртэл нэмэгдэхийн адил сайхан сэтгэл төрүүлж буй. Азийн улс түмний хувьд тийм том зорилгод хүрэхэд байгал, хөдөлмөрийн шаардагдах нөөц, хэрэгцээ байгаа нь мэдээж. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд өрсөлдөөн ихээхэн хурцадлаа. Хятад, өмнөд Солонгос, Япон Улс гол төлөв АНУ, ЕХ-ны зах зээлд маш хүрц өрсөлдөж байна. Энэтхэг Улс, ЗЕА-ийн орнууд АНУ-тай нэхмэлийн худалдаа хийхэд түвэгтэй байна. Худалдааны эрх чөлөөний төлөө тэмцдэг гэх АНУ худалдааны практиктаа тарифийн хязгаарлалт, тооны хязгаарлалтыг олонтаа ашиглаж, дотоодын худалдааны хуулийг олон улсын худалдаанд мөрдөж буй.
1997-98 онд Зуун өмнөд Азид тохиолдсон азийн санхүүгийн хямрал нь АНУ-ын дамын наймааны шинжтэй хөрөнгө оруулалтыг эдгээр орноос гаргасантай ихээхэн холбоотой байсан юм. Гэхдээ америкийн гадаад бодлогын урьдаас тааварлах аргагүй шинж Азийн эдийн засгийн итгэлтэй өсөлтөд ихээхэн аюултай юм. Багдадын дэглэм цөмийн зэвсэггүйг Вашингтоныхон 2003 онд мэдэж байсан нь мэдээж. Олон улсын атомын энергийн агентлагийн нарийн шалгалт үүнийг тод гэрчлэв. Гэсэн ч АНУ нефтээр баян Ирак Улсад Их Британийн хамт халдахын тулд энэхүү зохиомол шалтгийг ашигласан. Одоо Ирак Улсыг тонон дээрэмдээд байна. Дайны эцэс харагдахгүй байна. Иракийн эдийн засгийн төлөвийн талаар ярих нь утгагүй. Энэ нь гаднын зэвсэгт оролцоо нэр хүндтэй байгууллагуудын шинжлэх ухааны таамналыг эвддэгийн ганц жишээ ч биш ээ.

Орчуулагч П. Шагдар