ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев Берлин хотод «ШХАБ, ЕХ: түншлэх боломж» бага хурал дээр үг хэлэхдээ үүнд анхаарал хандуулав.
- Берлинд болсон бага хуралд ШХАБ-д багтдаг зургаан орон – Орос, Хятад, Казах, Киргиз, Тажик, Узбек Улс, бас европын улсуудын төлөөлөгчид оролцов. ШХАБ нь цэрэг, улс төрийн эвсэл биш, цэргийн эвсэл болохыг эрмэлзэхгүйг Нургалиев сануулаад, тус байгууллага нээлттэй байгууллага бөгөөд улс орнууд, олон улсын байгууллагууд, түүний дотор ЕХ-той харилцаагаа бух талаар хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг тэмдэглэв. Берлинд болсон бага хурлаас ШХАБ, ЕХ-ны хооронд бодит хамтын ажиллагаа тогтооход практик алхам хийснийг тэр ярив.
ШХАБ-ыг эхлээд төв Азид бат бэх энх тайван тогтоож, тогтвортой хөгжүүлэх зорилгоор энэ бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг үр нөлөөтэй хангах чадвартай байгууллага байхаар бодсон юм. Харин сүүлийн үед бүс нутгийн интеграцийг зохицуулан, гүнзгийрүүлэхэд улам анхаарал тавьж байна. ШХАБ-ын гишүүн орнууд улс бүрт байгаа нийгэм-эдийн засгийн асуудлыг шийдэхэд ахиц гаргах нь бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлын асуудлыг ч шийдэхийн баталгаа гэдгийг ойлгож буй. Жишээ нь, ШХАБ-ын нутагт бараа, үйлчилгээ, технологи чөлөөтэй урагшлуулахад аажмаар шилжихэд туслах урьтал болгох 127 төсөл буй.
Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хүрээнд ШХАБ-ын гишүүн улсуудын харилцааг хөгжүүлэх төлөвийг заасан урт хугацааны сайн хөршийн харилцааны тухай олон этгээдийн хууль эрхийн шинэ чухал баримт бичгийг энэ оны зун Бишкект болох ШХАБ-ын дээд хэмжээний ээлжит уулзалтад зориулан бэлтгэж байгаа нь тодорхой боллоо. Баримт бичигт бас олон улсын харилцааны өнөөгийн байдлыг үнэлж, энх тайван, аюулгүй байдалд заналхийлж болох нөхцөл байдлыг авч үзэх төрөл бүрийн хувилбарыг авч үзэх юм. Түүнээс гадна олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байна. Энэ төлөвлөгөө ялт, террорист шинжтэй аюултай тэмцэхэд чиглэнэ. Холбооны бүх төрөл хөгжиж буй өнөөгийн нөхцөлд мэдээлэл-холбооны технологийн аюулд өртөх асуудал их хурцадлаа. Үүнийг үндэс болгон ШХАБ-ын хүрээнд мэдээллийн сүлжээг эвдэх оролдлоготой тэмцэх механизм боловсруулах, улсын болон иргэний бүх байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чармайлтыг зохицуулах талаар тохиролцохоор шийдэв.
Москва, Бээжин бүс нутаг болон олон улсын хэмжээнд нөлөө бүхий хүчин зүйл болж буй ШХАБ-ын хүрээнд олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг гадаад бодлогодоо урьтал болгох чиглэл гэж үзэж байгааг 3-р сарын 26-нд Москвад болсон ерөнхийлөгч Путин, дарга Ху Зиньтао хоёрын хэлэлцээний дүнгээр гарын үсэг зурсан улс төрийн тунхаглалд тэмдэглэснийг төгсгөлд нь сануулъя.

Орчуулагч П. Шагдар