- Оросын Сибирийг дамнасан замыг Солонгос дундын замтай холбох санаа эрт гарсан юм. Түүнд эдийн засгийн хувьд их найдвар тавьж буй. Учир нь хуурай газрын энэ замаар ачаа тээх нь далайгаар тээснээс хэд дахин хямд, цаг хугацааны хувьд хоёр дахин түргэн юм. БНАСАУ, Орос, Өмнөд Солонгос — энэ гурван орны төмөр замын удирдагчид 2006 оны эхээр уулзах үед БНАСАУ, Өмнөд Солонгосыг дамжсан төмөр замын хөдөлгөөнийг сэргээхээр тохирчээ. Одоо энэ замын БНАСАУ-ын Ражин, Оросын Хасаны хэсгийг сэргээх асуудал тавигдав. Энэ хэсгийн ажил одоогоор эхлээгүй байна. Энэ зорилгоор Өмнөд Солонгос, Итали, Германи, Япон мэт хэдэн орны сонирхогч ачаа тээвэрлэгчдийг оролцуулсан тусгай нэгдэл байгуулах саналтай байгааг Владимир Якунин мэдэгджээ. Сибирь дамнасан замыг солонгос дундын замтай хожим холбохын тулд БНАСАУ-ын төмөр замыг дорвитой шинэчлэх шаардлагатайг тэр бас мэдээлэв. Түүний бодлоор, үүнд бас 5-7 жил, бас наад зах нь 2 тэрбум доллар шаардагдах юм. Олон улсын нэгдэл байгуулах асуудлыг саяхан Москвад болсон Орос, Умард Солонгосын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэж, бүхэлд нь дэмжсэн.
Солонгосын хойгийн улс төрийн байдал сүүлийн жилүүдэд солонгос дундын харилцаа хөгжүүлэхэд төдий л таатай нөлөөлөөгүй юм. Гэсэн ч ажил хэрэгч холбооны эрч нэмэгдэж байна. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зохицуулах үйл явц хэр нааштай өрнөх нь энэ хойгийн улс төрийн нөхцөл сайжрах юмуу муудахад их нөлөөлж буй. Тэнд тавьсан төмөр замыг шинэчлэх, Сибирь дамнасан зам, солонгос дундын замыг холбох ажлыг зөвхөн энхийн нөхцөлд хэрэгжүүлэх нь бүрэн зүйн хэрэг. Нөхцөл байдал муудах юм бол хэн санхүүгийн хувьд их хөрөнге гаргах билээ? Эсвэл бүх зүйл нилээд түргэн өрнөж мэднэ. Учир нь Зуун хойд азийн энэ нутагт тээврийн ирээдуйтэй өргөн төлөвлөгөө хэрэгжүүлэхийг хоёр Солонгос битгий хэл Орос Улс ч, Хятад Улс ч, Япон Улс ч сонирхож буй.

Орчуулагч П. Шагдар