Тийнхуу Ираны удирдлага уран баяжуулах ажиллагаагаа зогсоохоос татгалзсаны улмаас тогтоосон дэлхийн хамтын нийгэмлэгийн хориг арга хэмжээг хүчтэй болгосонд ийм хариулт өглөө.
- Энэ баримт бичиг Иран үндэстний хувьд ямар нэг талаар шинэ зүйл болоогүй гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ням гаригт мэдэгджээ. Энэ тогтоол Ираны «цөмийн хууль ёсны, энхийн ажиллагааг секунд ч зогсоохгүйг» Ахмадинежад онцлон тэмдэглэв. Иран үндэстэн дээрх тогтоолыг хэн дэмжсэн, хэн няцаасныг мартахгүй бөгөөд олон улсын харилцаагаа хянаж үзнэ гэж тэр бас мэдэгдлээ. Ингэхдээ Тегераныхан үг дуулалгүй, зөрүүдэлсэн нь дэлхийн хамтын нийгэмлэгийг хориг арга хэмжээ авахад хүргэсэн гэж Оросын стратегийн үнэлгээ, дүн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, Ираны талаарх мэрэгжилтэн Виктор Мизин ярьж байна.
- Орос Улс лалын ертөнцийн энэ чухал гүрэн, өмнөд хөрштэйгээ сайн харилцаатай байхыг хүсч байгаа нь мэдээж. Гэхдээ Орос Улс хилийн дэргэд нь цөмийн зэвсэгтэй шинэ гүрэн гарч ирэхийг огт сонирхохгүй. Иймээс Иран Улстай бид хичнээн сайн харилцаатай байсан ч оросын дипломатууд, цөмийн эрдэмтэд ираны ажил нэгтнүүдийг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө их нээлттэй байхыг ухуулж буй. Гэвч хүч чармайлт нь хоосон өнгөрч байгаад Москвад улам дүргүйцэж байх шиг. Иймээс Орос Улс Ираныг шийтгэх гэж биш, харин байр сууриа өөрчлөх хэрэгтэйг тус улсын удирдлагад шууд ойлгуулсан хэрэг гэж үзэж, шинэ хориг арга хэмжээг дэмжсэн юм.
- Иран Улсад энхийн зорилготой холбоогүй цөмийн хөтөлбөрөө зогсооход 60 өдөр гаргасныг шинэ тогтоолд заажээ. Үүний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон байдлыг дахин хэлэлцэнэ. Тогтоолд бас Ираны удирдлагыг хэлэлцээний ширээнд эргэж суухыг уриалжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зохиосон орнуудын Гадаад Хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар сэтгэл түгшиж байгааг арилгахын тулд Иран Улстай тохиролцох арга эрж сүвэгчлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Хэлэлцээний ширээнд эргэж суухыг Ираны төлөөлөгчдөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бас уриалав. ЕХ-ны ерөнхий бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хавьер Солана Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тус улстай хэлхээ холбоогоо сэргээх гэж байна. Тэгэхээр одоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хэдэн өдрийн дотор хариулт өгөхөөр амласан Тегераны үгийг хүлээх хэрэгтэй боллоо.

Орчуулагч П. Шагдар