Ийм баримт бичгийг одоо АНУ-ын сенат хэлэлцэж байна. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Орос Улс өөрийнх нь хилд НАТО-гийн цэргийн байгууллагыг ойртуулахыг эсэргүүцэж байгааг ерөнхийлөгч Владимир Путин Мюнхенд маш тодорхой мэдэгдсэн. Америкийн хууль тогтоогчдын шийдвэрийг Орос Улс сэтгэл түгшсэнд Вашингтоны өгсөн хариулт гэж үүнтэй холбогдуулан үзэж болно. Түүгээр ч барахгүй, энэ нь нэг ёсондоо Москваг өдөн дайрсан хэрэг, учир нь НАТО-д элсэхээр нэр дэвшигсдийн дотор ТУХН-ийн бүрэлдүүнд багтаж байгаа зөвлөлтөөс хойшхи нутгийн хоёр орон: Украин, Гүрж Улс байна. Тэр тусмаа умард атлантын эвсэлд Киев элсэх асуудал үүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд хэдийнээ хэрүүлийн алим болсон билээ. Гэтэл Украины хүн амын ихэнх буюу 70 орчим хувь тус улсыг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэж байна. Гүржид ч НАТО-гийн эсрэг санаа сэтгэл маш хүчтэй байна. Тийнхуу америкийн хууль тогтоогчид хэрэг дээрээ бүрэн эрхт орнуудын дотоод хэрэгт оролцож, тэднийг эвсэлд даруй элсүүлэхийг тухирч байна. Жишээ нь, Украины засгийн газар энэ асуудлаар нийт улсын санал хураалт явуулахаар төлөвлөж байгааг далайн чанадад хайхрахгүй байна.
Бүрэн эрхт аль ч орон ямар эвсэл холбоонд элсэх, хэнтэй хэрхэн үерхэхээ өөрөө шийдэх нь мэдээж. Гэвч НАТО нөлөөний хүрээ, газар зүйн хариуцлагын бүсээ өргөжүүлэхэд Орос Улс хайхрахгүй байж болохгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа Антарктид юмуу Сахарын цөлийн тухай биш, харин Оростой хил залгаа нутгийн тухай ярьж байна. НАТО-гийн цэргийг ХБНГУ-ын хилийн гадна байрлуулахгуй гэж ерөнхий нарийн бичгийн дарга Вернер 1990 онд Берлинд ярьж байсан тус эвслийн удирдлагын амлалтын тухай дурсах нь одоо утгагүй болжээ. Ингэхдээ АНУ Москва хичнээн дургүйцсэн ч Оросын хил руу тус эвслийг өргөжүүлэх үйл явцыг маш идэвхтэй хөөргөдөж байгаа нь илэрхий.
ОУ-ын эрх ашгийг харгалзаж, үнэн сэтгэлээсээ түншлэх мэт мэдэгдлийн нөхцөлд энэ бүхнийг хийж буй. Гэхдээ Украин юмуу Гүржийг АНУ, НАТО хэнээс хамгаалах бодолтой байгаа нь ойлгомжгүй байна. Ард түмнүүд нь олон зуун жил эв найртай аж төрж ирсэн Оросоос хамгаалах хэрэг үү? Финланд, Австри, Швед, Швейцари болон бусад орон НАТО-гийн хамгаалалтгүй яаж болж байна гэж асуувал зохилтой. Иймээс НАТО өргөжихөд Орос Улс сэтгэл түгшиж байгааг Вашингтон анхаарахгүй бол Москва хариу арга хэмжээ авахад хүрнэ. Ингэхдээ Европ болон Кавказад АНУ-ын ПДХ баазууд байгуулах төлөвлөгөөг ч анхаарах юм.

Орчуулагч П. Шагдар