Foto: http://feerie.com.ua/estoniaӨнөөдөр Эстони Улс СС-ийн ахмад дайчдад цуглаан хийхийг зөвшөөрч байгаагийн сацуу фашизмын эсрэг тулалдаанд амь үрэгдэгсдийн хөшөөг буулгахаар төлөвлөж байна гэж оросын парламентын гишүүн дургүйцэн бичжээ. Эстонид баталсан шинэ хууль тулалдааны талбарт амь үрэгдэгсдийн ариун дурсгалыг гутаах аюултай байна. Цэргийн булшийг хамгаалах тухай хуулийн дагуу Эстонийн нийслэл Таллин хотын төвд байх хөшөөг буулгаж мэднэ. Тэнд оршуулсан, нацистуудтай хийсэн тэмцэлд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн цогцсыг гаргаж, өөр газарт оршуулсныг Косачев тэмдэглээд ярихдаа:
- Фашизмтай тэмцэж байгсдын үр хүүхэд, ач нарын хувьд Таллины төвд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэх тийм газар дахиад олдохгүй. Гэтэл Латвийн адил Эстонид гитлерийн СС-ийн ахмад дайчид өөрийн нэгдэл байгуулах төдийгүй, хотуудын төв гудамжинд цуглаан хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, ЕХ-ны гишүүн орон Эстони, Латвид фашизмын хорт хавдрыг эгнэгт арилгахын төлөө амь насаа өгсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийг элдвээр хүндрүүлж байна. Гэсэн мөртлөө европын соёл иргэншлийг булшлахыг санаархагчид, манай нийт тивд учирсан аюулын талаар хариуцлага хүлээх ёстой этгээдүүдийг хүндэтгэж, түүнийгээ улс төрийн зохих хэм хэмжээ мэт үзэж байна.
- Зөвлөлтийн цэрэг улс орныг нь чөлөөлснийг хэрэг дээрээ шинэ эзэгнэлийн эхлэл болсон гэж Эстонид ярихыг сонсож болно. Гэвч тэр үеийн бодит байдал, дайны фронтод тулалдаж байсан жирийн хүмүүсийн хооронд нарийн зааг тавих хэрэгтэй. Зөвлөлтийн армийн эгнээнд тулалдагсад дэлхийг фашизмаас аварна гэдэгт итгэж байв. Итгэж байснаар барахгүй, бодитой хийж байв. Чөлөөлөгчдийг булаан эзлэгчидтэй жиших нь огт уучилшгүй хэрэг гэж Төрийн думын гадаад хэрэг эрхлэх хорооны дарга Константин Косачев британийн «Гардиан» сонинд бичжээ.

Орчуулагч П. Шагдар