Британийн «Экономист интеллиженс юнит» хэмээх нөлөө бүхий албаны тусгай илтгэлд ийм дүгнэлт оржээ.
- Ийм дүгнэлт хийхийн тулд Оросын эдийн засгийн талаар том мэрэгжилтэн байх буюу урьдаас харах ямар нэг авьяас билэгтэй байх албагүй гэж хэлбэл британийн шинжээчид гомдохгүй байх аа. Учир нь Оросын макро эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа болон тус улсад хэрэглээний эрэлт түргэн хөгжиж байгаа нь өөдрөг дүгнэлт хийх үндэс өгч байгааг илтгэл зохиогчид зөвшөөрч байна.
Үнэхээр ийм болохыг харуулахын тулд хэдэн баримт дурдая. Оросын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт 2006 онд өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдэж, 30 тэрбум орчим доллар болов. Энэ нь НҮБ-ын худалдаа, хөгжлийн асуудлаарх бага хурлын мэдээ. ОУ Парисын зээлдүүлэгчдийн клубт тавьсан бүх өрөө хугацаанаас өмнө дарав. Тус улсад валютын бүх хязгаарлалтыг цуцлав. Москва бүр энэ жил ДХБ-д элсэж чадна. Улс орон өрсөлдөх чадвартайг илтгэсэн дээд зэргийн чансаанаас Оросын чансаа зөвхөн ганцаар хоцорч байна гэж чансааны «Фитч», «Стэндарт энд Паурз» агентлаг үнэлжээ.
Энэ бүхэн нь Оросын засгийн газар сүүлийн долоон жилийн турш үндэсний эдийн засаг жил бүр бараг долоон хувь өсөхийг хангасан зээл-мөнгө, санхүүгийн ухаалаг бодлого баримталж байгааг харуулж байна. Оросын засгийн газар орчин үеийн түүхэнд анх удаа өнгөрсөн жил мөнгөний ханшны бууралтыг таамналын хүрээнд тогтоож чадав. Тэгэхдээ аж үйлдвэрийн үйлдвэрлэл, барилгын үйлдвэр, худалдаа, санхүүгийн салбар, бусад хэдэн салбар түлхүү хурдацтай хөгжив. Банкуудад хүн амын итгэх, хүн амд банкуудын итгэх итгэл нэмэгдэв. Оросууд доллараас зайлж, үндэсний валют — рубльд их итгэх болов. Алтан валютын нөөц 2006 онд 300 тэрбум доллараас давж, энэ үзүүлэлтээр ОУ дэлхийд гуравт Хятад, Японы дараа орох болов.
Гэвч Москвад хүрсэн амжилтдаа хэн ч тайвшраагүй. Нефть, хийн орлогоос төсвийн хамааралтайг багасгаж, ШУ-ы ололт их зарцуулдаг үйлдвэрлэл, нано технологийн өгөөжийг дээшлүүлэхийг засгийн газарт ерөнхийлөгч Владимир Путин уриалав. Тэр төсвийн тухай сүүлчийн илгээлтдээ төсвийн төлөвлөлтийг 10-15 болон түүнээс дээш жилээр хийх санал тавьжээ. Энэ нь ОУ-д хөрөнгө оруулахад дунд төдийгүй, урт хугацааны төлөв таатай байна гэсэн уг юм.

Орчуулагч П. Шагдар