Японы эрчим хүчний тунхаг «Эрчим хүчний нөөцөөр хангах удирдлага» гэсэн нэртэй байна. Түүнд ОУ-ыг дурджээ.
- Японы засгийн газрын тунхагт тус улс эрчим хүч авч байгаа буюу авахаар төлөвлөж буй нилээд олон орон оржээ. ОУ-ыг Японы эдийн засагт нөөц нь маш чухал «эрчим хүч олборлодог, эрчимтэй хөгжиж буй орон» гэж Венесуэлийн адил нэрлэжээ. Гэхдээ энэ хоёр улсад «эрчим хүчний салбараас гадаадын хөрөнгийг гаргах хандлага хүчтэй болж байна» гэж баримт бичиг зохиогчид үзжээ. Тийм хандлагад түгшсэн Токиогийнхон эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, чухамхуу баримт бичигт зааснаар «үйлдвэрлэгч улсуудад шахалт үзүүлэхийн тулд» эрчим хүч хэрэглэдэг бусад оронтой «хоршихоор» шийджээ.
Японы засгийн газрын боловсруулсан удирдлага Европын эрчим хүчний тунхагтай төсөөтэйг шинжээчид тэмдэглэж байна. Тэр тунхаг одоогийн байдлаараа ОУ-ын санаанд нийцэхгүй байгаа билээ. Тунхагийн оршилд хэрэг дээрээ нэг л зүйлийн тухай ярьсан нь олборлогч орны нөөцөөс хүртэх эрх олж авах, оронд нь эрчим хүчний ямар нэг актив, түүний дотор хийн гол сүлжээнд орох боломжийг экспортлогч оронд олгохгүй байхад чиглэжээ. Япон Улсад ийм зүйл огт байхгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа энэ нь эрчим хүчний тунхагт ОУ-ыг хүчээр оруулах гэсэн ЕХ-ны туршлага бүтэлгүй болсныг харгалзаж үзэх бас нэг шалтаг юм.
Өөр зүйл ч гайхаш төрүүлэв. Оросын ерөнхий сайд Михаил Фрадков Япон Улсад айлчилснаас хойш хагас сарын дараа л Японы эрчим хүчний тунхаг гарлаа. Тэр үед Москва Токиод эрчим хүчний яриа хэлцээ хийх санал тавьсан. Москва Хятад, Өмнөд Солонгос, Индонези, Энэтхэг Улстай тийм яриа хэлцээ хийж байгаа юм. Эрчим хүчний аюулгүй байдлын илуу найдвартай шинэ систем байгуулахад азийн түншүүдтэй хамтран оролцоход ОУ бэлэн байгааг Фрадков Японд байхдаа нотолсон. Түүний үндэс нь экспортлогч, импортлогчдын эрх ашгийг харилцан харгалзах явдал. Энэ нь эрчим хүчний нөөцийн зах зээлд урьдаас тааж болох тогтвортой байх гарцаагүй нөхцөл юм. Шинжээч Леонид Вардовский ярихдаа:
- ОУ европын, ганц зах зээлээс хамаарахгүй тулд нефть, хийн экспортыг диверсчлэхийг хичээж байна. Энэ зорилгоор ОУ төрөл бүрийн боломж, түүний дотор Азийн хөрш орнуудын эрчим хүчний агуулагчийн сонирхлыг ашиглана. Иймээс Японтой яриа хэлцээ хийх тухай Фрадковын санал маш учиртай. Тэр тусмаа Япон Улсад эрчим хүчний асуудал хурцдах төлөвтэй юм.
- Японтой эрчим хүчний яриа хэлцээ хийх ОУ-ын санал хүчин төгөлдөр хэвээр байна. Хоёр орны стратегийн түншийн үзэл санаанд нийцсэн хариуг Токио өгнө байх гэж Москвад хүлээж байна.

Орчуулагч П. Шагдар