Өвөр байгалийн хүмүүнлэг-багшийн улсын их сургуулийн олон улсын судалгааны төвийн захирал Геннадий Васильев саяхан болсон «Чит мужийн гадаад эдийн засгийн харилцаа: асуудал, хэтийн төлөв» гэсэн салбар зөвлөлгөөнд үг хэлэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Энхбаярын 2006 оны 12-р сарын 4-9-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг тайлбарлав. Тэр ярихдаа:
- ОХУ, Монгол Улсын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн иж бүрэн хүчин зүйл, АНД-н бүс нутгийн ерөнхий байдал, бас Монгол Улсад Орос Улсын хувьд Хятад, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг өрсөлдөгч гарч ирсэнтэй холбоотой.
Орос Улс, Монгол Улс нь эдийн засаг, экспортын чадавхийн түвшин, шинж чанараар их ялгаатай өөр өөр том орнууд. Орос Улс, Монгол Улс бас газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, нийгмийн үйлдвэрлэлийн бүтцээр эрс ялгаатай. Гэсэн ч Орос Улс, Монгол Улсын хооронд маргаантай юмуу хилийн зохицуулагдаагүй ямар нэг асуудал байхгүй. Хоёр улс эдийн засгийн уламжлалт харилцааны туршлага, орчин үеийн олон асуудлыг нэгдмэл байдлаар үзэх үзэл бодлоор холбоотой байдаг.
ОХУ-тай хийх худалдааны хувь одоо Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 20 хувиас дөнгөж давж байна. Бусад орны адил Орос Улсад Монголын гаргаж буй бараа гол төлөв түүхий эдийн шинжтэй. Энэ нь голдуу уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүн, МАА-н гаралтай бүтээгдэхүүн.
Монголд Оросоос гаргаж буй барааны бүтцийн онцлог нь нефтийн бүтээгдэхүүн их хэвээр байгаа явдал юм. Монголд Оросоос гагргадаг эрэлт ихтэй барааны экспорт нилээд өргөжив. Харин Орос Улсын авч байгаа монгол бараа одоогоор тун цөөн, энэ нь гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг лавшруулж буй. Өнөөдөр Монгол Улсад дэлхийн 73 орон хөрөнгө оруулж байна, энэ үзүүлэлтээр Орос Улс 6-д, Монгол Улсын нутагт ажиллаж буй компаниудын тоогоор 3-рт орж байна. Монгол Улсын эдийн засагт бусад орноос хөрөнгө оруулж байгаа мэдээг харьцуулах үүднээс дурдая. Тухайлбал, Хятад Улс хөрөнгө оруулалтын хэмжээгээр сүүлийн 7 жилд хошуучилж, сүүлийн 5 жил Монгол Улсын худалдааны хамгийн том түнш болж ирлээ. Монгол Улсад хятадын 1600 гаруй компании бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд 460 сая америк доллар болжээ, тус улсад америкийн 80 гаруй компани ажилладаг бөгөөд тэдгээрийн хөрөнгө оруулалт 50 сая америк доллар байна.
Хандивлагч орнууд болон хүмүүнлэгийн байгууллагуудаас сүүлийн 10 жилд Япон Улс Монгол Улсад буцалтгүй тусламж хамгийн их үзүүлсэн нь 1 тэрбум 550 сая америк доллар байна. Түүний дараа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк орж буй. Монгол Улсад Орос Улсыг 420 компани төлөөлж, хөрөнгө оруулалтынх нь хэмжээ сүүлийн 10 жилд 37 сая доллар болжээ. Үүний улмаас монголын барааны эргэлт Хятад Улс, ЗӨА-ийн орнууд, дэлхийн бусад орныг баримжаалж байна, тэдгээр улс монголын бараанд илүү таатай нөхцөл олгож байгаа юм.
Гэсэн ч Монгол Улс Оросоос харилцан ашигтай нөхцөлд хөрөнгө оруулах их боломжтой юм. Юуны өмнө 3219 км газраар хил нийлдэг, олон жилийн турш сайн хөршийн харилцаатай хамтран ажиллаж ирсэн, агаар, төмөр зам, автомашины шууд харилцаатай юм.
Монгол Улс, ОХУ-ын хооронд барааны эргэлт буурсаны шалтгаан нь хоёр орны эдийн засгийн байдал таагүй, харилцан тооцооны систем түвэгтэй, монголын бараанд ногдуулдаг оросын гаалийн хураамж өндөр, нэг талаас Монголын засгийн газар, аймгуудын удирдлага, нөгөө талаас Сибирийн бүс нутгуудын хоорондын харилцаа тааруу, олонхи тохиолдолд ялангуяа аль нэг талд мөнгө дутагдаж буйн улмаас тооцооны бартер солилцоо хэвээр байгаа, яриа хэлцэл, хөрөнгө оруулалтын баталгааны систем хөгжөөгүй, тээврийн болон гаалийн үйлчилгээний асуудалтай холбоотой гэж монголын болон оросын шинжээчид үзэж буй.
Монгол Улсаас хуучин ЗХУ-д жилд 40 мянган тонн мах гаргадаг байсан. Энэ хэмжээ байнга буурч, 2004 онд Оросын зах зээлд Монголоос ердөө 8 мянган тонн мах нийлүүлжээ. Манай хоёр орны хоорондын махны худалдааны гол асуудал нь түүнийг Монголд бэлтгэх нь улирлын шинжтэй, 8, 10-р сард бэлтгэдэгт оршино. Үүнээс гадна өөр бэрхшээл ч буй. Жишээ нь, ОХУ-ын мал эмнэлгийн алба мах импортлох хувь хэмжээг хугацаа хожигдуулж өгдөг, оросын малын эмч нар Монголд нядалгаа дууссаны дара очиж, нядалгаа болсон чухам тэр үеийн шинжилгээ, сорьц өгөхийг шаарддаг байна. Монголтой махны наймаа хийх хувь хэмжээг зөвхөн Москвад өгдөг. Хувь хэмжээ авах эрхийг хэдхэн компани мэддэг нь төлбөрийн талаар зохисгүй шахалт үзүүлэх нөхцөл бий болгодог байна. Жишээ нь, «Бурятмясопром» 2003 онд нийлүүлсэн махны төлбөрийг одоо хүртэл хийж дуусгаагүй байна.
Орос Улсаас Монгол Улсад элчин сайдаар сууж байсан О.М. Дерковский Алс дорнодын эдийн засгийн олон улсын анхдугаар их хурал дээр хэлсэн үгэндээ, «Орос Улсад Монголоос мах, махан бүтээгдэхүүн оруулах лицензи өгөх эрхийг Москвагаас бүс нутгийн мал эмнэлгийн албадад шилжүүлж яагаад болдоггүй юм?» гэсэн асуудал тавьжээ.
Монголын экспортлогчдын санхүүгийн байдал хүнд, өөрөөр хэлбэл эргэлтийн мөнгө дутагддагийг мэдэх болохоор оросын тал мах аваад, гэрээнд заасан төлбөрийн хагасыг төлөөд, үлдсэнийг нь төлөх гэж хэдэн жил болдог байна. Иймэрхүү зүй бус явдал Монгол Улс, ОХУ-ын худалдаанд хамгийн гол саад болж буй.
Монголоос Орос Улсад мах гаргах асуудал ийнхүү шийдэгдээгүй байх үед монголын мах экспортлогчид Ойрхи дорнодын орнуудын зах зээлд хэдийн гарч, тэнд Монголоос хонины мах нийлүүлж, Японд адууны мах гаргаж байна.
Монголын МАА-д адууны аж ахуй нилээд байр эзэлдэг бөгөөд жилд 60 сая гаруй тонн адууны мах бэлтгэдэг нь улсын мах бэлтгэлийн 10 орчим хувь болдог. Монгол адууны мах экологийн хувьд цэвэр, амт, чанар сайтай. Орост, ялангуяа Чит мужид Монголоос адууны мах худалдаж авахад юу саад болж байгаа юм? Тэр тусмаа Монголоос адууны мах оруулахад хувь хэмжээ шаардагдахгүй.
Эдгээр бэрхшээл байгаа ч Орос Улс, Монгол Улсын харилцаа хөгжих таатай нөхцөл бий.
Нэгд, хамтран ажиллах хууль эрхийн бааз бүрдүүлсэн нь ялангуяа ОХУ-ын бүс нутаг, Монголын аймгуудын хооронд шууд харилцаа зохицуулах хүрээнд улам хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ нь бүрэн хэрэгжих зүйл, учир нь Оросын бүс нутаг, Монголын аймгууд гадаад худалдааны хамтын ажиллагаагаа бүс нутгийн түвшинд бие даан шийдвэрлэж чадах юм.
2-рт, Зөвлөлтөөс авсан зээлийн Монголын ерийн 98 хувийг Орос Улс цайруулсан чухал үйл явдал монгол-оросын харилцааны системд гарсан. Оросын удирдлагын тийм шийдвэр нь хоёр орны харилцан итгэлийг бэхжүүлэхэд нэн чухал алхам болж, улс төрийн таатай нөхцөл бүрдүүлэхэд тус болж буй.
Гуравт, орос-монголын эдийн засгийн хамтын ажиллагааны гол түшиг болсон хамтарсан том үйлдвэр Монголд ажилласаар байна. Энэ нь өнөөдрийн байдлаар дэлхийд зэсийн баяжмал үйлдвэрлэдэг том үйлдвэрийн нэг болж буй уулын баяжуулах «Эрдэнэт» үйлдвэр. Мөн «Монголросцветмет» нэгдэл, Монгол төдийгүй, Орос Улс, Хятад Улсад чухал үүрэгтэй «УБТЗ» хувь нийлүүлсэн нийгэмлэг юм. Монголын валютын нийт орлогийн тэн хагас гаруй нь сүүлчийн хоёр хамтарсан үйлдвэрт ногдож буй.
Одоо Монголд гадаадын хөрөнгө бүхий албан ёсоор бүртгүүлсэн үйлдвэрүүдийн 20 орчим хувь нь Оросын хөрөнгө бүхий аж ахуйн байгууллагууд юм. Монгол Улсад Оросын 100 хувийн хөрөнгө бүхий хэдэн компани «Зарубежстрой», «Зарубежводстрой», «Алтан дорнод-Монгол» компани, бас жилдээ 25 сая америк доллараас багагүй барилга-угсралтын ажил хийдэг Инкон, «Эрдэнэстрой» хамтарсан компани ажилладагийг тэмдэглэх хэрэгтэй.
Хоёр орны худалдаа-эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаанд чухамхуу том үйлдвэрүүд үндэс болж чадна гэж монголын эдийн засагчид үздэг юм. Оросын хөрөнгө оруулсан хуучин үйлдвэрүүдийг хөгжүүлэх, шинээр барих нь эрчим хүчний нэмэлт нөөц шаардана. Үүний улмаас Оросоос цахилгаан эрчим хүч гаргалт гадаад худалдааны түнш бүрт стратегийн хувьд чухал чиглэл болж буй. Энд ашгийн талаар төдийгүй, хамитарсан үйлдвэрүүдийн ажиллах нөхцлийг хангах тухай ярьж байна.
«УБТЗ» хувь нийлүүлсэн нийгэмлэгт оролцогчийн хувьд Орос Улс бусад орон дахь өрсөлдөгчдөөс нилээд давуу талтай юм. Монгол Улс Азии тивийг дамнасан төмөр замын сүлжээнд орох цаг удахгүй. Энэ асуудлыг шийдэх нь УБТЗ-д хувь нийлүүлэгчийн хувьд Орос Улсын эдийн засгийн эрх ашигт нийцэж буй, учир нь Монголын нутгаар дайрч гарах ачаа, зорчигч тээвэр нэмэгдэх нь Сибирь дамнасан төмөр замын ачаалыг ихэсгэнэ. Иймээс төмөр замын тээврийн хамтын ажиллагаа монгол-оросын хамтын ажиллагааны нэн чухал чиглэлийн нэг хэвээр байна.
Эрчим хүч, тээвэр гэсэн орос-монголын хамтын ажиллагааны хоёр чиглэл худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, тухайлбал хамтарсан үйлдвэрүүдийн ажиллагааг хангана. Монгол Улсын удирдлага эдийн засгийн чөлөөт бус байгуулах асуудалд Орос Улс, түүний бүс нутгуудын анхаарлыг идэвхтэй хандуулах бодолтой байна. Энэ нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны боломж болон ашгийг ихээхэн нэмэгдүүлэх юм.
Аялал жуулчлал хамтран хөгжүүлэх нь орос-монголын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлийн нэг юм.
Дээр дурдсныг үндэс болговол Монгол Улс, Орос Улсын хоорондын хамтын ажиллагааны үндсэн чиглэлээс дараах зүйлсийг онцлон дурдах нь зохистой, Үүнд: хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг журамласан хуулийн баазыг боловсронгүй болгох, хилийн хамтын ажиллагааны тухай хууль батлах, хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулах ажиллагаанд түлхэц өгөх, худалдааг либералчлах, боловсруулах үйлдвэрт хамтран ажиллах, ХАА-д хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа улам хөгжүүлэх эдгээр болно.
Тэгэхдээ хамгийн гол нь Орос Улс, Монгол Улсын хамтын ажиллагаа өнөөдөр тэгш эрхтэй, харилцан ашигтай байх, хоёр талын эрх ашгийг харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлаж байх ёстой юм.

Орчуулагч П. Шагдар