Танилцуулах ёслолд манай тусгай сурвалжлагч Ольга Павлович байв.
- Энэ ном нь 20-р зууны Монголын түүхийн талаар Оросын монгол судлалд хамтран бүтээсэн эхний бүтээл юм. Энэ бүтээлийг Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн нэрт монголч эрдэмтэд өнгөрсөн зууны эцсээр ОУ, МУ-д гарсан өөрчлөлтийг харгалзан туурвижээ. Иймээс номыг танилцуулах ёслол сонирхол ихэд татаж, МУ-ын ЭСЯ-нд оросын дорно дахиныг судлагч нэрт эрдэмтэд, сэтгүүлчид цугларав.
- Ном танилцуулах ёслолыг Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монголын секторын эрхлэгч, түүхийн ухааны доктор, толилуулан буй номын нэг зохиогч Владимир Грайворонский хөтлөв. Оросын монголч эрдэмтдийн шинэ бүтээлийг анхаарч, ЭСЯ-нд номыг танилцуулах ёслол хийсэнд тэр талархал илэрхийлэв. МУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Хангай цугларагсдад эхэлж баяр хүргэв. Тэр ярихдаа:
- Энэ ном нь Оросын нэрт монголч эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. 20-р зуун МУ-ын хувьд онцгой үе. Чухамхүү энэ үед манай орон дэлхийн хамтын нийгэмлэгт нэр төртэй байр эзэлсэн, чухамхүү энэ үед монголчуудын амьдралын олон зууны хэвшлийг өөрчилсөн үйл явдал болсон. Энэ ном бидний сонирхлыг гойд татаж буй. Учир нь энэ номыг монголын биш, оросын эрдэмтэд бичсэн, манай түүхийг тэдний үзэх үзэл бодол маш чухал юм гэлээ.
- Элчин сайд Хангай цааш нь сүүлийн үед Монголын талаар Орос Улсад хавьгүй их бичих болсоныг тэмдэглэв. Энэ нь манай орныг дахин сонирхох болсныг харуулж байна. Манай хоёр орны хувьд амаргүй, өнгөрсөн зууны 90-ээд он орос, монголын ард түмний оюуны болон соёлын харилцааг хадгалахыг хичээж байсан оросын монголч эрдэмтэд үүнд их гавьяатай гэв.
- Владимир Грайворонский ном зохиогчдыг танилцуулав. Тэднийг дэлхийн Монголд судлалд сайн мэднэ. Эд бол ШУ-ы доктор Марк Гольман, Галина Яскина, Александр Железняков, Сергей Рощин, Сергей Лузянин нар. Ном танилцуулах ёслолд бас Шайкен Надиров, Елена Бойкова, Кема Орлова, Максим Мещанинов нар байв.
- Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, Оросын монголч эрдэмтдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, монголч эрдэмтдийн олон улсын холбооны дэд ерөнхийлөгч Ростислав Рыбаков үг хэлэхдээ, «Монголын түүх 20-р зуун» номыг Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгээс 1999 оноос хэвлэж буй «Дорно дахины орнууд 20-р зуун» цувралаар хэвлэсэн тухай ярив. Тэр цааш нь хэлэхдээ:
- Номыг зохиогчид 20-р зууны нийт түүхийг дахин хянаж, эрэгцүүлэн бодож өгүүлэх амаргүй зорилт тавьсан. Үүнийг хийхэд амаргүй байв. Учир нь энэ түүх эмгэнэлтэй юм. Энэ ном санаанаас зохиогоогүй, сонин үйл явдалтай зохиол шиг уншигдана, ямар их эмгэнэлт үйл явдал тохиолдож, санаанд багтамгүй гажуудал гарч байсан юм бэ? Тэгээд ч туулж өнгөрүүлсэн замналаа эргэж харж, өнгөрсөн үед тогтсон баримтлал, үнэлгээг өөрчлөхөд амаргүй байв. Үүнийг ном зохиогчид хийж чадсан, гэхдээ маргаантай, тодорхой биш олон зүйл байгаа. Зохиогчдын байр суурь түүхэн бодит байдалд хэр нийцэж байгааг уншигчид тунгаана. Ном зохиогчдод баяр хүргье гэлээ.
- Номыг хамтран зохиогчдын өмнөөс түүхийн ухааны доктор Марк Гольман үг хэлэв. Тэр ярихдаа:
- Бид энэ номыг бичихэд амаргүй байсан. Бид маргаж, шүүмжлэн ярилцаж байлаа. Гэхдээ туурвиж буй бүтээлийнхээ талаар хүлээсэн хариуцлагыг ойлгож, эвсэг хамт олны хувьд хөдөлмөрлөсөн. Бид энэ бүтээлдээ 20-р зууны түүхийн талаар монголын эрдэмтдийн хамтран болон дангаараа туурвисан сүүлчийн бүтээлүүдэд тулгуурласан. Бид монголын эрдэмтэн академич Болдбаатар, Энхтүвшин, Бира, Болд, ШУ-ы доктор Дамдинсүрэн, Дашдаваа, Хайсандай нарын бүтээлийг өргөн ашигласан. Шинэ ном зохиогчдын өмнөөс тэдэнд гүн талархал илэрхийлье. Монголын ажил нэгтэй нөхөдтэй хамтран ажиллаж байгаа маань биднийг баярлуулж, зоригжуулж байна.
- «Монголын түүх. 20-р зуун» номыг танилцуулах ёслол дээр бас түүхийн ухааны доктор Сергей Рощин, Сергей Лузянин нар үг хэлэв. Ийм том бүтээл туурвисанд нь оросын монголч эрдэмтэдэд Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэгийн дарга, сансрын нисэгч Виктор Горбатко баяр хүргэв.

Орчуулагч П. Шагдар