Аюулгүйн Зөвлөл Ираны эсрэг шинээр хориг тавихгүй, харин Ираны цөмийн хөтөлбөрийг улс төрийн аргаар зохицуулахыг зорих ёстой гэж НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ираны цөмийн мэдээллийг тойрсон байдлыг манай тоймч ажиглахдаа:
- НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шаардсаар байтал Иран Улс уран баяжуулахаа зогсоогоогүйгээр барахгүй, судалгааны ажлаа хийсээр байна. МАГАТЭ-гийн ерөнхий захирал Мухаммед аль-Барадеин илтгэлийн гол дүгнэлт ийм юм. Үүний сацуу МАГАТЭ-гийн илтгэлийн дүгнэлтийг зөвхөн Тегераны эсрэг хориг арга хэмжээг хүчтэй болгох зүйл гэж яаран үзэж болохгүйг ОУ анхааруулав. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх горимыг алдагдуулахгүй байх дэлхийн хамтын нийгэмлэгийн гол зорилтыг анхаарлаасаа холдуулахгүй байхыг Аюулгүйн Зөвлөлийн ажил нэгтнүүдэд Виталий Чуркин уриаллаа.
Энэ зорилгод хүрэхийн тулд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулж буй зургаагийн бүлгийн чадавхийг бүрэн ашиглахыг Москва уриалав. Энэ бүлэгт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Германи Улс багтдаг юм. Оросын Гадаар Хэргийн сайд өчигдөр Берлин хотод Германи, АНУ-ын ажил нэгтнүүд болон ЕХ-ны төлөөлөгч Хавьер Соланатай зөвлөлдсний дараа ийн мэдэгдлээ.
- Бид нийтлэг зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэхээ нотлов. Энэ зорилго цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх горимыг алдагдуулахгүй байхтай холбоотой. Ираны цөмийн хөтөлбөрийг эрхэлж буй зургаагийн бүлэгт болдог яриаг бид үнэлж буй. Энэ механизм нь бид хамтарсан үйл ажиллагааны зорилтод нийцсэн гэж үзэж буй тэр зарчимд үндэслэсэн юм. Бид нөхцөл байдлыг хамтран үнэлж байгаа нь чухал, энэ үндсэн дээр бид хамтарсан зорилго тавьж, хамтран биелүүлж үйл ажиллагааны чиглэлээ хамтран боловсруулж байгаа юм гэж Сергей Лавров тэмдэглэв.
- Тийнхүү МАГАТЭ-гийн илтгэлийн талаар «зургаагийн бүлгийн» хүрээнд хамтран үр бүтээлтэй ажиллаж, дараа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шугамаар шинэ алхам хийхийг Москва уриалав. Энэ асуудлаар албан ёсны бус зөвлөлдөөн ирэх долоо хоногоос нааш эхлэхгүй. Ираны талаар шинэ тогтоол боловсруулах нь сунжирч мэднэ, учир нь Ираны цөмийн хөтөлбөрийн талаар биеэ хэрхэн авч явах талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийн байр суурь нэгдмэл биш байгаа юм. АНУ Иранд шахалт үзүүлэхээ хүчтэй болгосон байр сууриа мэдэгдвэл саад болж мэднэ.

Орчуулагч П. Шагдар