Foto: http://www.azarov.ruБүр эхний зохиолуудаас нь авьяас билгийнх нь хүчтэй тал – түүхэн үйл явдлыг яриагаар хүүрнэх аяс, эрчүүдийн найрамдал, цэрэг эрсийн барилдлагаа, хиймэл бус эх оронч үзэл харагдаж байлаа.
- Симонов залуудаа улс орноороо их явж, амьдралын хатуу хутууг үзсэн хүмүүстэй уулзаж байсан ч хувийн амьдралын туршлага нь тийм их биш байв. Тэр үед анх удаа байлдаанд оржээ.
- Симонов 1939 оны зун Монголын Халх голд цэргийн сурвалжлагчаар томилогдож, эхний дайндаа явжээ. Зөвлөлт, монголын цэрэг японы булаан эзлэгчдэд цохилт өгч, фронтын байлдаанд Симонов биечлэн оролцож байв.
- Тэр Халх голд аян дайны ахуйн зүйлээс эхлэн, дайныг олон талаас нь бодит байдлаар өөрийн биеэр үзжээ.
Голио дүнгэсэн талд байх
Хаяагий нь сөхсөн
Уранхай бүрээстэй гэрт
Үд дундын үед бид
Утаа үнэртсэн усан
Хярам ууж байлаа .
- Энэ тухай хотын байшинд бодоогүй, номноос уншаагүй хэрэг. Байдал үнэхээр тийм байжээ. Тэр байдал сэтгэлд хоногшин үлдсэн. Худал үгэнд орж харийн нутагт ирж, дайны талбарт буудуулж амь үрэгдсэн япон цэргүүдийг санаж байна. «Тэд оршуулахыг хүлээхдээ тэнгэр өөд харж, цогцосны нь нүдийг шувуу тоншчихгүй байхыг хичээдэг байв» гэж бичжээ.
- Тэгээд ч эцгийн гал голомт, эх орон нэгтнүүдийнхээ энхийн хөдөлмөрийг хамгаалахаар үхлийн тулалдаанд эрслэн боссон тэр хүмүүсийн гавьяа маш их ээ. Тэдний эр зоригийг хүндэтгэж, байлдаанд орсон танкаар хөшөө дурсгал босгосон.
Шатаж хэмхэрсэн тэр танк
Суурь довжоон дээр сүртэй
Ялалт бидэнд амар олдоогүй
Дайсан үнэхээр шазруун байсан ч
Бидний яруу алдар бүр ч их гэдгийг
Зуй ёсоор нотлох мэт
- «Алс дорнодод» гэдэг найраглалын нэргүй баатар зөвлөлтийн болон монголын бусад дайчдын хамт энэ алдрыг дуурсгасаан. Цэнхэр нүдтэй, шар үстэй тэр цэрэг байлдаанд айх гэдгийг мэддэггүй байв.
- Симоновын «Хөрш айл» гэсэн найраглал түүний авьяасын шинэ тал, амьдралын жинхэнэ үнэн, ахуйн диалектикийг гүнээ мэдрэх онцлогийг тусгажээ. Түүний бичсэн найраглал эрх чөлөөт нутаг, өөрсдийн ажил үйлсийг хамгаалсан зөвлөлтийн хүний тухай яруу найргийн сэтгэлгээг харуулсан эхний уран бүтээл болжээ. «Хөрш айл» цувралаас нэг шүлэг уншаарай. Энэ шүлэг «Намар» гэсэн нэртэй.
- Монгол нутагт наран шингэж
Голын эрэгт туяа нь тусна
Улаан дээлтэй бүсгүйчүүд гүйлдэж
Үүл хүртэл наранд халж
Хур бороо дусахгүй зовооно
Гэр орондоо байгаа юм шиг
Гэнэн сэтгэлээр өөрийгөө хуурч сууна
Бүх юм эртнээс танил мэт
Чив чимээгүй болсоор тав хонож
Хоногт нэг л удаа байлдав
Гэрийн гадна
Зузаан эсгийний цаана Москва байгаа
Ертөнцөд хаа нэгтээ баттай зүйл байх
Гэвч тэнд гэр байхгүй, ерөөс байхгүй
Түлхүүрий нь хийсэн цоож
Биднийг санагалзсан индүү байх
Дээврээс эсгийг хуу татаж
Шалан дороос давалгаа цалгиж
Норсон зангилааг нэхэхээр
Яаж ийгээд дээш авирна
- Симонов Халх голын дайнд анх орсон. Цэргийн зохиолч, сэтгүүлчийн хувьд төлөвшиж, цэрэг эрсийн мэрэгжлийн чадварт шүтэх, дайсны зоригийг үнэлэх, дийлдсэн дайсныг өрөвдөх, фронтын найз нар, эр цэргийн үүрэгтээ үнэнч байх, бүсгүйчүүдэд жинхэнэ эр хүний ёсоор хандах, аймхай хулчгар занг үл тэвчих зэрэг зан чанарыг шингээжээ.
- Халх голд Константин Симоновын дэргэд тэр насан туршдаа үл мартах үнэнч хүмүүс оржээ. Юуны өмнө тэр үед зулуухан байсан ч хэдийн домог болж алдаршсан Георгий Жуков байна. Тэр 1939 оны зун Халх голд генерал Камацубарын япон цэргийн бүлгийг бүсэлж, бут ниргэх ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ. Георгий Жуков энэ байлдааныг удирдсаны төлөөнөө ЗХУ-ын баатар болж, БНМАУ-ын Улаан тугийн одонгоор шагнагдсан билээ.
- Халх голын байлдаан цэргийн жанхны хувьд Жуковт сорилт шалгалт болсон гэж Симонов ярьжээ.
- Харин Халх голын байлдаан зохиолчийн хувьд Симоновт сорилт шалгалт болжээ. Цэргийн сэдэв уран бүтээлийнх нь гол сэдэв гэдгийг залуу зохиолч бат ухаарсан байна.
Симонов эх орны их дайны эхний өдрөөс Баруун фронтод байв. Тэр цэргийн сурвалжлагчаар томилогдсон сонины газартаа хүрсэнгүй. Симонов 1941 оны 7-р сард Могилев хотын ойролцоо буучийн 388-р хорооны байрлалд очжээ, тэр хорооныхон цэргийн бүх журам дагуу дайснаг хориглож, тэнд ухрах тухай огт бодолгүй үхлийн өөдөөс эрслэн босчээ. Ямар ч гэсэн итгэл найдвар төрсөн тэр жижиг газар зохиолчийн ой тойнд эгнэгт үлдэж, төдөлгүй тэр энэ тухай роман бичжээ.
- Тэр үед дайсны танкуудтай 14 цаг тулалдаж, шатаагч шингэнтэй лонхоор гитлерийн 39 танк, хуягт тээвэрлэгчийг устгажээ.
- Симонов хожим бичихдээ «Би цэрэг байгаагүй, би ердөө л сурвалжлагч байсан, гэхдээ Могилевын ойролцоо алга дарам газрыг мартах аргагүй, тэнд манайхан германы 39 танкийг шатаахыг би анх удаа харсан» гэжээ. Константин Симонов өөрийнх нь чандрыг чухам энэ талын дээр цацаж, 1941 онд тэнд Эх орны төлөө тулалдаанд амь үрэгдэгсдийн чандартай нийлүүлэхийг гэрээслэжээ.
- Дайнд Симоновын амьдралын хэв маяг, ажиллах чадвар, зорьсондоо хүрэхийг эрмэлздэг чанар төлөвшжээ.
- Константин Симоновын «Хүлээ намайг, би эргэж ирнэ» гэдэг сэтгэл хөдлөм уянгын шүлгийг уншаарай.
Хүлээ намайг хүлээ
Хүрээд ирнэ би
Харин хүлээхийн дээдээр хүлээ.
    Бүрэнхий үдшээр ч хүлээ
    Будан татсан үүрээр ч хүлээ
    Цасан шамарга, аагим халуунд ч хүлээ.
Хүлээ намайг хулээ
Хүрээд ирнэ би
Харин хүлээхийн дээдээр хүлээ.
    Бусад нь мартаж намайг санагалзаагүй ч
    Алс холоос захидал ирээгүй ч хүлээ
    Азарган бороо зогсолтгүй шавхуурдсан ч хүлээ.
Март гэж бусад нь цээжээ дэлдэж байсан ч
Түүдгийн дэргэд сууж гашуун дарсанд
                                               халалцсан нөхөд минь мартсан ч
Эх, хүү хоёр намайг байхгүй гэж итгэсэн ч хүлээ
Гагцхүү гашуун тэр дарснаас нь амсахыг битгий яараарай.
    Харин амьд иргэж ирэхэд минь
    Хачин их гайхаж, аз нь таарчээ гэсэн бүгдийг эсрэг
    Үхлийн дуу шивнэсэн дүрэлзсэн тэр галын дундаас
    Үнэн хайрын домгоор холбогдсон чи бид
                                                 хоёрын хайр, итгэл аварсан юм.
Хүлээ намайг хүлээ
Хүрээд ирнэ би
Харин хүлээхийн дээдээр хүлээ.
- «Хүлээ намайг, би эргэж ирнэ» гэсэн шүлгийн мөр галын тэргүүн шугамд болон ар талд ямар олон хүнд үнэнч хайр дурлалын тангараг, ханийн ариун холбооны билэг тэмдэг, итгэл найдварын тэмдэг болсон гээ. «Правда» сонинд анх нийтлэгдсэн энэ шүлгийн хайчилбарыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс энгэртээ хадгалж, өврийн дэвтэртээ бичиж, чээжээр уншдаг байв. Дэлхийн яруу найргийн түүхэнд тийм хувь зохиол таарсан нэг ч шүлэг байхгүй ээ.
- Зохиогч хүний сэтгэлийн хөдөлгөөнийг нарийн мэдэрч, хувийн болон иргэний ухамсар гүнзгий холбоотой, нийгмийн хувьд чухал болохыг харж чадсан гэж би боддог юм. Эмэгтэй хүнийг хайрлах хайр, эмэгтэй хүний үнэнч сэтгэл, цэрэг эрийн баатарлаг үйлс, гавьяа бие биетэйгээ салшгүй холбоотой, ялалтад хүрэх эрмэлзэл дүүрэн байдаг юм.
- «Хүлээ намайг» гэдэг нь амьдрал, үхлийн хоорондох эмзэгхэн гүүр, хувь заяа тоссон тангараг, тэр гүүрийн тулгуур юм. Дайн урт удаан, хатуу шируун байх болно гэдгийг тэнд хэлсэн, гэхдээ хүн дайнаас хүчтэйг таасан байдаг. Хэрэв хайртай байж, хэрэв итгэж байвал тийм байх болно.
- Лхагвасүрэн Костантин Симоновын «Эх орон» шүлгэнд маш дуртайгаа ярьж байсан. Тэр энэ шүлгийг монголоор орчуулсан гэсэн
Тэнгис далайг холбосон
Тэнүүн сайхан нутагтай
Өргөрөг, уртрагийн огтолцол бүхэнд
Өчнөөн олон хотуудтай.
Өргөн удам, бахдам сайхан, ялагдашгүй эх орон минь ээ
    Сүүлчийн галт бөмбөгөө чулуудах
    Тэр богинохон агшинд
    Алс хол үлдсэн бүхнээ эрхгүй дурсахдаа
    Хөндлөн гулд аялаж мэдэрсэн эх орноо биш
    Хүүхэд насаараа мэдэрсэн тэр бяцхан эх орноо дурсана.
Гэрийн буурин дээр ургасан 3 хус мод
Бяцхан төглийг эмжсэн алс холын зам харгүй
Гатлагат онгоцны чихрах чимээтэй гол ус
Бургасан төгөлтэй элсэрхэг эрэг
Бүх дэлхийн сайхан бүхнийг шингээсэн алга дарам газартаа
Бид ямар аз завшаанаар эзэн нь болж төрөв өө.
    Тэсгим хүйтэн, аянга цахилгаан, бүгчим халууныг ч тэсч гарнаа
    Өлсөж цангаж, даарч бээр ч болноо
    Үхлийг сөрөн явж ч болно
    Аюулт дайны амьд гэрч болсон энэ гурван хусыг
    Амьд яваа насандаа хэнд ч өгөхгүй.
                                              (Намсрай Лхагвасүрэн орчуулсан)
- Үнэхээр сайхан шүлэг юм. Энэ шүлгэнд эх орондоо хайртай гэж сүр бадруулан зарлаагүй ч үг, аялга, хэмнэлээрээ энэ тухай өөрийгөө мэдрүүлсэн нууцлаг сэтгэл байна.
- Симонов 29 настайдаа хэдийн нэрд гарсан зохиолч, Сталины шагналтан, Зохиолчдын эвлэлийн хамгийн залуу удирдагч, олонд алдартай шулэг, жүжиг, хүүрнэл зохиол туурвисан, зохиол бүтээл нь олон хэлээр орчуулагдсан зохиолчийн хувиар ялалтыг угтжээ.
- Симонов нэг шүлэгтээ хүмүүстэй үнэн мөнийг хуваалцах нь уран бүтээлчийн эрхэм үүрэг болох тухай бичжээ. Үнэхээр ч Симоновын шүлэг найраглалд хатуу ширүүн ч баатарлаг он жилүүдийн үнэн мөнийг өгүүлдэг юм.
- Тэр үнэн мөн он жил улиравч алдрахгүй.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>