Foto: http://www.oprf.ru/rusӨнөөдөр Билгийн улирлын тооллоор XVІІ жарны гал гахай жилийн эхний өдөр. Энэ баярын өмнөхөн Оросын буддистуудын тэргүүн хамба лам Дамба Аюшеев ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв.
- Өнгөрч буй он Оросын буддистуудын хувьд ямар байсан тухай хамба та ярина уу?
- Сүсэгтнүүд сүм дуганд их ирэх болсонд би баяртай байгаа. Сүсэгтнүүд хандив цуглуулах зэргээр тусалж, буддын шашныг сэргээхэд идэвхтэй тусалж буй. Хүмүүс өөртөө зарим тааар хэрэгтэй зүйлээс татгалзаж, өөрсдөд нь огт илүү биш мөнгийг бидэнд өргөж буй. Энэ нь ард түмэн оюуны баялагийг бүгдээс илүүтэйд үзэж байгааг нотолж байна. Жилийн дотор бид нэг дацан шинээр барьж, хуучин хоёр сүмийг сэргээлээ.
Иволгийн дацангийн 60 жилийн ой Оросын буддийн шашны хувьд чухал үйл явдал болов. Энэ нь эх орны их дайны дараа нээгдсэн буддийн эхний дацангийн нэг. Шашингүйн үзэл олон жилээр ноёрхож, Оросын бараг бух дацан хаагдаж, сүйдсэн тэр үед Иволгийн дацан нээгдснээр буддийн шашин сэргэж эхэлсэн юм. 60 жил нь буддийн Рабжуны бүрэн орчил билээ. Иймээс энэ нь бидний хувьд чухал үйл явдал. Хамба лам Даши-доржо Итигиловын цогцсыг Оросын буддистууд хадгалсаар байгааг бас тэмдэглэмээр байна. Түүний шарилд өөрчлөлт огт гараагүй. Энэ нууц тайлагдаагүй хэвээр. Итигиловын шарилын нөлөө нэмэгдэж буй. Хүн бүр түүнийг өөрийнхөөрөө нээж, түүнийг асар их сонирхож, энэ нь өнөөгийн хүний сэтгэлгээнд одоогоор багтамгүй зүйлийн талаар эрэгцүүлж бодоход хүргэж байна.
- Та ерөнхийлөгчийн дэргэдэх шашин дундын зөвлөлийн гишүүн. Уламжлалт шашин дундын яриа хэлцээг та хэрхэн үнэлдэг вэ?
- Энэ яриа хэлцээ байнга, нилээд ур бүтээлтэй өрнөж байгаа. Гэхдээ тохиролцоход түвэгтэй асуудлууд бий. Жишээ нь, дунд сургуульд үнэн алдартаны шашны үндсийг заах боломжийн талаар маргаж буй. Үүнийг өөр шашин шүтэгсэд өөрөөр угтсан нь мэдээж. Гэхдээ маргаан зохисгүй байдалд ороогүйг тэмдэглэх хэрэгтэй. Ийм маргаан гарч байгаа нь Оросын иргэдийн шүтлэг нэмэгдэж байгааг гэрчилж буй. Энэ нь бид нийгмийн ухамсрын тухайд тэвчээртэй байх талаар санаа тавих үүрэгтэй гэсэн үг юм. Үүнийг ойлгож байгаа гэж үзэж байна.
- Орост цагаачлалын асуудал хурц байгаа, үндэстний шинжтэй мөргөлдөөн гарч байгаа нь нууц биш ээ. Үндэстэн ястаны шинжтэй мөргөлдөөнийг сэрэмжлэхэд уламжлалт шашин ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
- Маш их үүрэгтэй. Нэг орны иргэд үндэсний шинжийн дагуу ямар нэг бүлэг байгуулахад шашны хүчин зүйл далд боловч байж болох юм. Ингэхээр санваартнууд үүнийг анхаарч, ямар нэг мөргөлдөөн, тэр тусмаа цус асгарахад хүргэх мөргөлдөөн гаргуулахгүй байхыг бүх хүчээрээ чармайх үүрэгтэй.
Энд санваартнуудын айлтгал, цагаа олсон сургаал тун хэрэгтэй. Зөвхөн хүчний байгууллага, албан ёсны суртал нэвтрүүлэгт найдвал өөрийгөө хуурсан хэрэг болно. Нийгмийн байдал тогтворгүй болох явдал гаргуулахгүй байх бүхий л хүчин зүйлийг ашиглах хэрэгтэй. Тэгээд ч энэ утгаар шашны хүчин зүйлийг үнэлж баршгүй, учир нь зан суртахууны болон санаа сэтгэлийн үнэт зүйлс чухам түүний ард байдаг, заримдаа хууль дүрмээс ч хүчтэй байдаг.
- Зөвхөн Буддийн сургаалыг дагагчдын сэтгэлийг эзэмдээд зогсдоггүй асуудал бий. Шашингуйн үзэлтнүүд хүртэл итгэдэг буддийн зурхайчдын таамналаар гал гахай жил ямар байх вэ?
- Юуны өмнө европын шинэ жилийн өмнө буруу мэдээлсэн шиг тэжээмэл биш, зэрлэг гахай жил гарч байгааг тэмдэглэхийг хүсч байна. Энэ нь их ялгаатай. Зэрлэг гахай их соргог, догшин. Бас хачирхалтай нь ой муутай. Эхний хоёр шинж, бидэнд заримдаа илэрдэг мартамхай зангийн адил хүмүүсийн хувьд аюултай.
Түүнээс гадна буддийн хуанлийн ээлжит 12 жилийн орчлын дүн гарч байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын дүнг гаргах боломж олгоно. Тэр нь хүмүүс түрүүчийн 11 жилд хийж амжаагүй бүх ажлаа дуусгах боломж олгож буй. Үүний сацуу олсон бүх зүйлээ алдах магадлал тун их байна. Хүний бүх үйлдэл, санаа илүү тодорхой болно. Тэгэхээр энэ жил хүнд хэцүү, шургуу байх юм. Гэхдээ сорилт туршилтад бэлэн хүчтэй хүмүүсийн хувьд санасан бүхэн биелэх болно.

Орчуулагч П. Шагдар