Foto: http://2006.novayagazeta.ruДэлхийн ІІ дайны үр дүнг хянаж үзэх гэсэн аливаа оролдлогыг Москвад няцааж байгаа ч өмнөд Курилийн асуудлыг харилцан зөвшөөрч болохуйцаар шийдэх арга эрж сүвэгчлэх зорилгоор Япон Улстай яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэж байна. Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Михаил Камынин ийн мэдэгдлээ. Энэ сэдвээр манай тоймч тайлбарлахдаа:
- Японы ерөнхий сайд Синзо Абэ 2-р сарын 7-нд Токиод болсон «умард нутгийг» буцааж авахын төлөө цуглаан дээр уг хэлсэнтэй холбогдуулж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч энэ мэдэгдлийг хийв. Дэлхийн ІІ дайны дүнд болон дайнаас хойшхи олон улсын хэд хэдэн хэлэлцээрээр Оросынх болсон Итуруп, Кунашир, Шикотан, мөн Курилийн олтригийн Хабомаин бүлэг арлыг Японд тийнхүү нэрлэдэг юм. Японы удирдлага үнэн хэрэгтээ эдгээр арлыг өөрт нь өгөхийг ОУ-аас дахин шаардав. Москва байр сууриа олонтаа илэрхийлсэн, энэ байр суурь өөрчлөгдөөгүй гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч ярив. Үүний сацуу манай хоёр орны хоорондын асуудал, тухайлбал газар нутгийн шинжтэй асуудлыг шийдэх харилцан зөвшөөрч болох арга эрж сүвэгчлэх зорилгоор яриа хэлцээгээ ур бүтээлтэй үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа оросын дипломатууд японы талд удаа дараа ярьж байлаа.
Москва энэ асуудлыг зөвлөлт-японы 1956 оны хамтарсан тунхаглалын үндсэн дээр шийдэх арга зам эрэхийг санал болгож буй. Тэр тунхаглалд зөвхөн найрамдах гэрээнд гарын үсэг зурсаны дараа л өмнөд Курилийн арлын хэсгээс Японд сайн дураар өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Дэлхийн ІІ дайны үр дүн нь дэлхийн улс төрийн газрын зураг суурилсан зүйл бөгөөд түүнийг хянаж үзэж таарахгүй. Ингэхдээ Япон, Оросын хооронд сайн хөршийн ёсоор харилцахад «умард нутаг» гэгч зохиомлоор бий болгосон асуудлаас өөр зүйл байхгүй гэж Москвад үздэг. Тухайлбал, газар нутгийн асуудлыг эцэслээгүйн улмаас улс төрчид хүмүүсийг хохироох ёсгүй гэж Японтой хөрш Сахалин мужийн захирагч Иван Малахов үзэж байна. Өнөөдөр эдийн засаг нь улс төрийн мэдэгдлээс илуу ухаалаг гэж тэр үзэж байна. Эдийн засаг нь улс төрчдийг улс хоорондын хурц асуудлыг илуу зохистой авч үзэхэд хүргэж буй. Япон, Оросын эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хөгжсөөр байх нь лавтай.
Дашрамд дурдахад, Курилийг хөгжүүлэх Орос улсын хөтөлбөрийн хүрээнд энэ жил Кунашир аралд Менделеевийн нисэх буудлыг засварлах юм. Түүнээс гадна Шикотан дахь далайн боомтын чадлыг өргөжүүлэх, Итуруп аралд нисэх буудал барих, тэнгисийн боомтыг шинэчлэх, Парамушир аралд нисдэг тэрэгний буудал, бусад хэдэн чухал объект барих юм. Энэ бүх салбарт Японтой хамтран ажиллахыг Оросын эрх баригчид удаа дараа мэдэгдсэн билээ.

Орчуулагч П. Шагдар