Орчуулагч, дипломатч Лидия Григорьевнаг Орост ч, Монголд ч сайн мэднэ. МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр өнгөрсөн оны 12-р сард ОУ-д албан ёсоор айлчлах үедээ Лидия Скородумовад «Алтан гадас» одон гардуулсан билээ.
Өнөөдөр манай нэвтрүүлэгт хэл шинжлэлийн ухааны доктор Анна Цендина, түүхийн ухааны доктор Владимир Грайворонский нар оролцож байна.
Анна Цендина ярихдаа:
- Би Лидия Григорьевнаг 1971 оноос хойш танина. Намайг Санкт-Петербургийн их сургуулийн дорно дахины факультетийн монгол хэлний ангид орж байхад тэр төгсөх дамжаанд сурч байсан. Лидия Скородумова юуны өмнө монгол хэл сайн мэддэг нэрт монголч эрдэмтэн болохыг бид нүдээрээ үзсэн. Монгол хэлийг тийм чөлөөтэй мэддэг орос хүн ховор. Тэр монгол хэл зүгээр л сайн мэддэг төдийгүй, монгол сэтгэлгээг сайн мэдэрдэгийг түүний монгол нөхөд тэмдэглэж байлаа. Лидия Григорьевна монгол хэлийг үнэхээр сайн эзэмшсэн, тэр Монгол оронд үнэн голоосоо хайртай, монголын ард түмний зан заншил, уламжлал, түүх, уран зохиолыг мэддэг юм. Бас Лидия Григорьевна маш хөдөлмөрч хүн болохыг тэмдэглэмээр байна. Тэр юм бичээгүй байхдаа бодож, харин юм бодоогүй байхдаа уншиж байдаг. Бас өнөө үед тун ховор бас нэг чанар түүнд бий. Тэр эрдэм шинжилгээ, олон нийтийн болон соёлын олон зүйл санаачилж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд маш идэвхтэй оролцдог. Тэр Монголд ажиллаж байхдаа жишээлэхэд Пушкин, Чехов болон бусад зохиолчийн уран бүтээлд зориулсан төрөл бүрийн семинар, уралдаан тэмцээн, үдэшлэг зохион явуулж байлаа. Тэр орос хэл, Оросын соёл, уран зохиолыг сурталчлах талаар их ажил хийж байв.
- Одоо Лидия Григорьевна Орос улсын хүмүүнлэгийн их сургуульд өнгөрсөн жил нээгдсэн монгол-төвд хэлний ангид Анна Дамдиновагийн хамт монгол хэл, уран зохиолын хичээл зааж буй. Түүнд оюутнууд хэрхэн хандаж байна вэ?
- Би Лидия Григорьевнатай цуг ажиллаж байгаадаа маш баяртай байгаа. Түүнтэй цуг ажиллахад найдвартай, сонирхолтой. Оюутнуудын тухайд бол тэд түүнд сайн ханддаг, хичээлийг нь маш анхааралтай сонсдог. Тэр хичээлээ сонирхолтой, чадмаг заадаг. Тэр залууст мэдлэгээ эзэмшүүлж, монголч эрдэмтдийн залуу халааг бэлтгэхийг ихэд хүсч байна.
- Одоо Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монголын секторын эрхлэгч, түүхийн ухааны доктор Владимир Грайворонский манай микрофоноор ярина.
- Лидия Скородумова хосгүй хүн. Тэр орчуулагч ч, дипломатч ч, эрдэм шинжилгээний ажилтан ч юм. Түүний амьдрал ШУА-ийн хүрээний гадна байсан ч тэр ШУ-д хувь нэмрээ оруулахыг ямагт хүсдэг байлаа. Лидия Григорьевна эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл, түүний дотор Монголын уран зохиол, соёлын түүх, онолын талаар «Эрдэнийн эрхи», «Монгол хэл: Ертөнцийн дүр» зэрэг гагц сэдэвт 10 гаруй зохиол, «Монголчуудын түүх, соёл» унших бичиг, монгол хэлний сурах бичиг зохиосон. Тэр оросын монголч эрдэмтдээс анх удаа монголын ахуйн роман, 19-р зууны зохиолч Инжиннааш, юуны өмнө түүний «Нэгэн давхар асар», «Улаанаа уйлах танхим» хэмээх бүтээлийг судалжээ. Скородумова энэ сэдвээр докторын зэрэг горилсон зохиол бичиж, Монголд амжилттай хамгаалжээ.
Өнөөдөр Лидия Скородумова 60 насны ойгоо тэмдэглэж байна. Энэ нь билгийн улирлын тоололоор дорно дахины судлагч хүн бүрийн хувьд билэг дэмбэрэлтэй нэгэн жаран юм. Тэр Оросын монгол судлалд цаашдаа ч маш их зүйл хийнэ гэж би итгэж байна.

Орчуулагч П. Шагдар