Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Шинэ стратегид зарчмын хувьд шинэ зүйл огт алга. Иракт ажлын байр бий болгох, улс орныг сэргээхэд нэмж хөрөнгө гаргахаар энэ стратегид заасан байв. Тэнд бас суннитууд болон Саддам Хусейний хамаардаг байсан Баас намын гишүүдтэй шийтүүд эвлэрэх шарадлагатай байгааг дурджээ. Буш Иракийн үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулахыг санал болгов. Гэвч цэргийн оролцоог нэмэгдүүлэх тухай санал гол зүйл хэвээр байна.
Ерөнхийлөгч Буш чухам ийм аргаар Иракт хүчирхийллийг таслан зогсоож, америк цэрэг нутагтаа буцаж ирэхийг түргэтгэж болно гэж үзэж байна. Энэ нь шулуухан хэлэхэд алдаатай бодлого юм. Энэ нь хорыг хороор гэдэг шиг юм болох нь. Дэлхийд төдийгүй, Америкт өөрт нь ийм санаа бодол ихэд тархжээ. Ирак руу цэрэг нэмж явуулах нь энэ оронд иргэний дайн гарахад АНУ-ыг улам ихээр оруулна гэж конгресс дэх АН-ын удирдагч Нэнси Пелоси, Стени Хойер, Ричард Дербин нар мэдэгджээ. АН-аас сонгогдсон америкийн хамгийн нөлөөтэй сенатчийн нэг Эдвард Кеннеди ерөнхийлөгч Бушийн энэ саналыг хэрэгжүүлэхгүй байхыг санал болгов. Ардчилсан намын энэ байр суурь энэ асуудлаар Америкт давамгайлж буй санаа бодлыг тусгаж байна. Ирак руу америк залуусыг илгээхийг АНУ-ын иргэдийн 60 гаруй хувь эсэргууцэж байгаа нь Гэллапын алба, «Ю Эс Эй тудей» сонины явуулсан санал асуулгаас харагдлаа. АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны гишүүдийн дунд ч Цагаан ордоны тэргүүний санал болгосон төлөвлөгөө зохистойд эргэлзэж буй хүн цөөнгүй. Телевизийн Си-эн-эн компани Бушийн засгийн газрын эх сурвалжаас иш татаж ийн мэдээлжээ. Пентагоныхон ч түгшиж, бухимдаж байна.
Ингэх бүрэн үндэстэй гэж бодогдоно. Иракийн асуудлыг хүчээр шийдэж таарахгүйг учрыг сайн мэдэх хүмүүс ойлгож байна. Ерөнхийлөгч Бушийн шинэ стратегид бий болсон байдлаас гарах шийдэмгий, үр нөлөөтэй өөр ямар нэг хувилбар алга байгаа нь харамсалтай. Иракаас АНУ-ын цэргийг шатчилан гаргах төлөвлөгөөний талаар тэр сонсох ч хүсэлгүй байна. Гэвч чухамхуу америкийн цэргийн оролцоо л энэ оронд байдал хурцдаж, терроризм, хэт даврах үзэл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан болж байгаа юм. Үүнээс харахад АНУ-ын шинэ стратеги Иракийн байдлыг улам тогтворгүй болгож, хүчирхийлэл, цус асгарах явдал нэмэгдэхийг даамжруулж мэднэ.

Орчуулагч П. Шагдар