Оросын хүүхдийн нэрт эмч Леонид Рошаль «Алтан гадас» одонгоор шагнуулсан. Рошаль эмч урьд Монголд ажиллаж, дараа нь Москвагийн хүүхдийн яаралтай мэс засал, гэмтлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд монгол хүүхдүүдэд нэг бус удаа тусламж үзүүлж байв, тэр энэ хүрээлэнг удирддаг юм.
- Эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл, 7 ном бичсэн профессор Леонид Рошаль дэлхийд нэрд гарсан хүн. Тэр олон тушаал, цолтой, гэхдээ Рошаль Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч, ОХУ-ын олон нийтийн танхимын гишүүн гэдгийг хэлэхэд л хангалттай. Сэтгүүлчид 1996 онд Леонид Рошалийг дэлхийн хүүхдийн эмч гэж нэрлэсэн. Түүний байгуулсан түргэн тусламжийн бригадууд дэлхийн хаана боловч осолд орсон хүүхдүүдэд ямар ч үед туслахад бэлэн байдаг. Эмч нарын бүрэлдүүн 1988 онд Армены Спитак хотод газар хөдөлсний дараа байгуулсан үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тэр цагаас хойш тус бригад байгалийн гамшиг, техникийн осол, байлдаан болсон газарт 20 гаруй удаа очжээ. Рошаль эмчийн тэргүүлсэн орос эмч нар Югослав, Абхази, Гүрж, Армени, Азербайжан, Израиль, Чеченийн хүүхдүүдэд тусламж үзүүлж байлаа. Тэд Египет, Япон, Энэтхэг, Афганистан, Турк болон бусад оронд газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусалж байлаа.
- 2002 оны 5-р сарын 9-нд Дагестаны Каспийск хотод террорист ажиллагаанд олон хүүхэд нэрвэгдэхэд Рошалийн бригад дэлбэрэлт болсоны дараа тун удалгүй очиж ажиллажээ. Рошаль эмчийн бригад тэр үед шархадсан олон хүүхдийг аварсан. Москвагийн Дубровкт террористууд театрын төв эзэлсэн эмгэнэлт явдлын өдрүүдэд Рошаль барьцаанд байгсад байсан танхимд хэдэн удаа орж, террористуудтай хэлэлцээ хийж, тэндээс хүүхдүүдийг гаргаж, эм өгч, өвчтэй болон шархадсан хүмүүст тусламж үзүүлж байв. Дубровкт театрын төвд барьцааны хүмүүсийг аврах ажлын явцад иргэний үүргээ биелүүлэн эр зориг гаргасаны учир Леонид Рошальд «Үндэсний баатар» шагнал гардуулсан юм.
- Харин Монгол Улстай Рошаль олонд нэрд гарахаас өмнө холбоотой байжээ. Энэ нь 1980 онд болсон явдал. Леонид Михайлович энэ тухайгаа манай сурвалжлагчид ярихдаа:
- Би зөвлөлтийн хүүхдийн эмч нарын бригадыг ахалж, Монголд зургаан сар ажилласан. Бригадын бүрэлдүүнд хүүхдийн эмч, мэс засалч, халдвартын эмч, бусад мэрэгжилтэн байсан. Бид Монголын Эрүүл мэндийн яамны урилгаар Улаанбаатарт очсон. Хагас жилийн турш Монголын бүх аймгаар явж, монгол эмч нарт зөвлөлгөө өгч, хүүхдүүд оношлон эмчилж, мэс засал хийж байсан. Бид монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөө хоногт 24 цаг ажиллаж байлаа.
- Рошаль эмч тэр үед Монголд «Известия» сонины сурвалжлагчаар ажиллаж байсан оросын нэрт сэтгүүлч Леонид Шинкаревтай танилцжээ. Хүүхдийн эмч сэтгүүлчийн найруулал, сурвалжлагын баатар нэг бус удаа болов. Шинкарев, Рошаль хоёр одоо ч үерхсээр. Саяхан Рошаль эмч Леонид Шинкаревын сүүлд бичсэн «Цэдэнбал, түүний цаг үе» номыг толилуулах ёслолд байсан. Тэр үед Шинкарев найзынхаа талаар сурвалжлагчид ийн ярьсан.
- Рошаль бол гайхалтай сэтгэл татам хүн. Түүний энэ чанарыг томчуул ч, хүүхдүүд ч сайн мэдэрдэг. Рошаль эмч Монголд байхдаа олон хүүхэд эмчилсэн. Дараа нь монгол аав ээж хүүхдүүддээ Москвад Рошалийн эмнэлэгт авчирч байсныг би мэднэ. Тэр бүгдийг хүлээж авна, хэнийг ч буцааж байгаагүй. Монголд одоо ч гэсэн орос эмчийг дотноор дурсаж байдаг. Рошаль ч Монголыг дурсаж байдаг.
- Үнэхээр түүнээс хойш 25 жил өнгөрсөн ч эмч Монголд ажиллаж байснаа дотночлон дурсаж байна.
- Би Монгол оронд хайртай. Монгол бол гайхалтай сайхан гайхамшигтай орон. Байгал нь маш олон янз. Ялангуяа говийг би сайн санаж байна. Өмнөговь аймагт ажил их байсан, нэг удаа би ханиад хүрч, 40 градус хүртэл халуурсан. Тэр үед яруу найрагч Евгений Евтушенко говьд очиж таарсан юм. Би түүнтэй танилцаж, одоо ч үерхсэн хэвээр байгаа. Евтушенко тэр үед Монголын тухай хэдэн шүлэг бичсэн, нэг шүлгэнд нь
Бид эмч Рошалийн лекцээр
Элсэн говийг усалж байв гэсэн мөрүүд бий. Энэ ялдамд Монголд намайг санаж, бидний ажлыг санаж байгаа бүх хүнд том мэнд хүргье гэлээ.
- МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр Рошаль эмчид «Алтан гадас» одон гардуулаад, түүнийг Монголд очихыг урив. Хэзээ очих вэ? гэсэн манай сурвалжлагчийн асуултад эмч хариулахдаа:
- Одоо би зав муу байгаа. Гэхдээ завтай болмогц Монголд очиж, мэрэгжилт нэгт нөхөд, найз нартайгаа заавал уулзана. Харин одоогоор тэдэнд Шинэ жилийн мэнд хургье. Эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.

Орчуулагч П. Шагдар