Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- «Независимая газета» сонинд Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровын ярьснаар, дэлхий аюулгүй болсонгүй. Үүний гол шалтгаан нь даяаршлын дутагдалд оршино гэж тэр үзэж байна. Гэвч жишээлэхэд дэлхийн бөмбөрцгийн хамгийн алслагдсан нутагт Интернет хүрэх нь тустай байх нь ойлгомжтой. Харин даяаршлын аюул нь юуны өмнө бүх дэлхийг нэг хэмжүүрт оруулах гэсэн санаархлаар илэрч байна. Янз бүрийн омгийн, өөр өөр хэлээр ярьдаг олон сая хүнийг дэлхий дахинд нэг бурханд, нэг үзэл сурталд захирагдан, нэг жам ёсоор аж төрөхийг албадахыг оролдож байна. Энд дэлхий дахинд АНУ-ын тулгахыг санаархаж буй америк маягийн ардчиллын тухай ярьж байгаа нь ойлгомжтой.
Гэвч дэлхийг өөрчлөх, янз бүрийн ард түмний хувь заяанд Америкийн буюу өрнөдийн маягаар хандах хувиа хичээсэн хандлагыг дэлхийн хамтын нийгэмлэг няцааж байгааг өнгөрч буй он дахин тод томруун харууллаа. Хамгийн том жишээ нь Ирак Улс юм. Америкийн сэлэм жад ч, олон тэрбум доллар ч энэ оронд энх тайван, амар жимэр байдал, дэг журам эргүүлэн авчирч чадсангүй. Энэ нь хөөрч баярлах биш, харин дүгнэлт хийх шалтаг юм. Тэр нь ардчиллыг хүчээр тогтоож болдоггүйд оршино. Үзэл суртал, геополитикийн түрэмгийллийг бүр терроризмтай тэмцэх шаардлагаар халхавчлах гэсэн оролдлого явуургүй юм. 1999 онд АНУ, НАТО Сербийг бөмбөгдсний дараа Иракт болж байгаа үйл явдал нь Вашингтон ямар нэг «сануулах цохилт» гэгч өгөх эрхтэй мэт өөрийгөө тунхагласан, мөн нэг ард түмнийг ихэмсэг байдлаар толгойг нь илж, нөгөө хэсгийг нь шийтгэж байх эрхтэй мэт авирлаж байгааг дэлхий зөвшөөрөхгүй байгааг харуулж байна. 2006 он «Бушийн номлол» гэгчийг хэрэг дээрээ булшлалаа гэж хэлж болно.
Афганистаны байдал ч дээрдээгүй нь туйлын харамсалтай. Энэ оронд АНУ бас дангаараа зохицуулахыг санаархаж байна. Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хүчээр шийдэх гэсэн Цагаан ордоны найдвар бүтэшгүйг энэ жил маш тод харуулав. Бүхэлд нь яривал 21-р зуунд «Пакс-американа» гэгч санааг хэрэгжүүлэх гэсэн Вашингтоны чиг баримжаа хүн төрөлхтнийг «соёл иргэншлийн дайны» ирмэгт аваачлаа. Гэвч нөгөө талаас дэлхийн улс түмэн нэг туйлт ертөнцийг зөвшөөрөхгүй, харин ч олон туйлт ертөнцийн санааг улам итгэлтэй нотолж буйг энэ жил харууллаа. Энэ нь дэлхийд Орос, Хятад, Энэтхэг, бас Ази, Африк, Латин Америкийн бусад хэдэн орны нөлөө, нэр хүнд илт өсч байгаатай холбоотой. Тэр нь ирэх жил ч давамгайлна гэж зоригтой хэлж болно. Тэр үед дэлхий илүү аюулгүй, сайхан болно байх гэж найдах байна.

Орчуулагч П. Шагдар