Foto: http://www.rusautotravel.ruТалбай бүрт Шинэ жилийн онцлох тэмдэг – асар том бөмбөлөг, гэрлэн чимэг зуусэн гацуур мод засч, гудамжинд өнгө өнгийн гэрэл цацарч, хот хэдэн долоо хоногт үлгэр домгийн байдалд орлоо. Хүсэл мөрөөдөл биелэх гайхалтай үе ирлээ. Шинэ жил гарахыг ялангуяа хүүхдүүд их хүлээдэг. Учир нь энэ баяраар аав ээжээс биш, харин дүүрэн бэлэгтэй том шуудай үүрсэн урт цагаан сахалтай Өвлийн өвгөнөөс бэлэг ирдэг. Өвлийн өвгөн хүслийг нь эндүүрэлгүй таагаасай гэхдээ хүүхдүүд түүний суудаг их Устюг хот руу эртнээс захиа бичнэ.
- Өвлийн өвгөн нь хэдэн зуун жилийн өмнө славян ардын үлгэрт бий болсон үлгэрийн баатар. Түүнийг эхлээд өвлийн жихүүн салхи, цасан шуурга, гол мөрний усыг хөлдөөсөн айхтар хүйтэнтэй жишдэг байв. Гэвч яваандаа аймаар өвгөн хүүхдүүдэд шинэ жилээр бэлэг авчирдаг сайхан сэтгэлтэй шудрага өвгөн болжээ.
Орос өвлийн өвгөн хойд нутагт, их Устюг гэдэг эртний жижиг хотод суудаг. Саяхан тэнд өвлийн өвгөнд зориулж зочид буудал, музей, хотын гар урлалын төв бүхий үлгэрийн шилтгээн барьжээ. Одоо бяцхан орос жаалууд сайхан сэтгэлтэй шидэт хүн дээр ямар хаягаар очиж, хаана зочлохоо сайн мэддэг боллоо.
«Миний хэрхэн аж төрдгийг үзэхээр хүүхдүүд өдөр бүр миний үлгэрийн шилтгээнд ирж, захиа бичиж, олон янзын хүсэлт тавьдаг» гэж өвлийн өвгөн ярьж байна.
- Хичнээн олон машин, нисэх онгоц, хүүхэлдэй захисан тоог би хэлж чадна. Гэхдээ хүүхдүүдэд машин, хүүхэлдэй, чихэр хэрэггүйд гол нууц оршино. Тэдэнд анхаарал тавих хэрэгтэй. Хүүхдүүдэд бэлэг өгөхийг хүсвэл нүдийг нь хараарай. Ялигүй бодолхийлж, аз жаргал хүсэх хэрэгтэй, Тэдэнд хэрэгтэй юм ердөө л энэ.
- Хүүхдүүд өвлийн өвгөнөөс зөвхөн тоглоом гуйдаггүй, заримдаа тусламж хүссэн захиа ирнэ. Үлгэрийн баатрын өргөөнд тийм захиаг гойд анхаарч, хүүхэд бүрийн асуудлыг шийдэхийг хичээнэ. Жишээ нь, өнгөрсөн жил холын тосгонд суудаг хараагүй жаалаас захиа иржээ. «Одоохондоо би жаахан байгаа болохоор асуудал тийм ч их биш байна, харин том болоод яах вэ?» гэж тэр хүү бичжээ. Энэ асуудлыг түүний хамт бодсон гэж өвлийн өвгөн ярьж байна.
- Хүүг зочлон ирэхийг урьж, бүх зүйлээ үзүүлж, тодруулж хэлбэл, музей, дарханы газарт бүх зүйлийг тэмтрүүлж үзүүлсэн. Дараа нь түүнд баян хуур хөгжим бэлэглэсэн. Хараагүй хүн баян хуур хөгжмөөр тоглож сурч болно. Тосгонд хөгжимчин хэзээд хэрэгтэй байдаг. Баяр болгон тийм хөгжимчинтэй болдог.
- Өвлийн өвгөн шинэ жилээр баяр хүргэж, хүүхдүүдэд төдийгүй, томчуулд бэлэг өгч байна. Өвлийн өвгөн тойрог замд ажиллаж буй сансрын нисэгчидтэй телевизээр холбоо барьж, тэдэнд бэлэг дамжуулдаг сайхан уламжлал тогтоод байна. Өнгөрсөн жил ингэсэн, энэ жил бас ингэнэ. Тэгтэл орос өвлийн өвгөн сансрын нисэгчдэд ханддаг үлгэрийн ганц баатар болж таарчээ.
Бие биеэ ойлгож, бусдад зөвхөн сайн сайхныг хүсэх нь орос Өвлийн Өвгөний хамгийн гол хүсэл. Тэгсэн цагт дэлхий улам сайхан болно.

Орчуулагч П. Шагдар