Гадаад Хэргийн сайд Сергей Лавров ерөнхийлөгч Владимир Путины хийсэн зөвлөлгөөн дээр ийн мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Бушер хотод ОУ-ын тусламжтай атомын цахилгаан станц барьж, бас Иранд ПДХ Тор М-1 гэдэг цогцолбор нийлүүлэх тэрбум долларын өртөгтэй гэрээ биелүүлэх тухай ярьж байна. Энэ нь зарчмын ач холбогдолтой юм. Москваг эдгээр төслөөс нь татгалзуулахын тулд Вашингтон удтал янз бүрийн аргаар хүчтэй шахалт үзүүлж байсан. Эдгээр төсөл олон улсын аливаа хэм хэмжээнд харшлаагүй гэж ОУ нотолж, энэ талын эрхээ тууштай, баттай хамгаалж байв. Одоо үүнийг Вашингтон ч, НАТО дахь түүний ойрын холбоотнууд ч зөвшөөрөхөд хүрснийг бид харж байна.
Энэ нь Владимир Путин ерөнхийлөгч байгаа уед ОУ дэлхийд үндэсний болон улс төр, эдийн засгийн эрх ашгаа хэлбэрэлтгүй хамгаалж эхэлсэн маш тод, тэгэхдээ цорын ганц жишээ биш ээ. ОУ-ын хувьд ашиггүй, гадаадын компаниуд хүрээлэн буй орчинд олон тэрбум долларын хохирол учруулсан Сахалин-2 нефтийн төсөлд тавих хяналтаа ОУ сэргээхээр шийдсэн нь үүнд багтана. Польш Улс, Европын өөр зарим орон эсэргүүцэж байгаа ч ОУ Балтийн тэнгисийн ёроолоор тавих хойд Европын хийн хоолойн төслийг юуны өмнө Герман Улсын дэмжлэгтэйгээр бүрэн хэрэгжүүлэх бодолтой байна. Үүний сацуу Москва ЕХ шахаж байгаа ч өрөөсгөл шинжтэй, үндэсний эрх ашигт нь эс нийцсэн Эрчим хүчний тунхагт гарын үсэг зурахаас татгалзаж буй.
ОУ зах зээлийн үнээр хийгээ Украин, Гүрж болон бусад оронд худалдахаар шийдсэний улмаас өөрийнх нь эсрэг дэгдээсэн суртал нэвтрүүлгийн хүчтэй кампанийг тэсч гарсныг та нар анзаарсан. Гэвч эцсийн бүлэгт дурдсан бүх орон үүнийг зөвшөөрсөн, гэхдээ Москваг эрчим хүчний зэвсэг ашиглах гэлээ гэж буруутгасаар байна. Гадаадаас муу чанартай мах, дарс юмуу аж үйлдвэрийн бараа оруулах зэрэг асуудлаар ОУ ард түмнээ, үндэсний эрх ашгаа хойшид ч шийдэмгий хамгаалах бодолтой байна. Тийм бараа Польш, Болгар, Украин, Гүрж, Молдав юмуу Хятад, Вьетнамаас хаанаас ч ирсэн ялгаагүй тэгж хандана.
Энэ бүхэн нь ОУ зах зээлийн эдийн засгийн хуулиар ухамсартай, аж хэргийн мэдлэгтэй аж төрж эхэлж, дэлхийд эрх ашгаа хамгаалах хүч хэрэгсэлтэй болохыг гэрчилж байна. «Рэнд» нэгдлийн дарга Стивен Ларрабийн Москвагийн «Время» сонинд бичснээр ОУ дорой идэвхгүй байсан арван жил дуусчээ. Ерөнхийлөгч Путины үед тус улс дахиад бүс нутгийн болон олон улсын чухал хүчин зүйл болов. Гэхдээ хүчирхэг ОУ зөөлөн хэлэхэд дэлхийд бүх хүнд тэр болгон таалагдахгүй байгаа. Гэвч энэ нь тэдний асуудал юм.

Орчуулагч П. Шагдар