Өнөөдөр бид сүүлийн үеийн томхон бүтээлийн тухай яръя. Энэ талаар СПб-гийн нэрт монголч эрдэмтэн Ирина Кульганек тусалж, зарим номыг танилцуулна.
- «ШУА-ийн монгол улсын комисс» ном тун саяхан хэвлэгдлээ. Түүнийг Оросын ШУА-ийн түүх, байгалийн ухаан, техникийн хүрээлэнгийн СПб-гийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны дэд доктор Татьяна Юсупова бэлтгэжээ. Энэ номын тухай Ирина Кульганек ярихдаа:
- Энэ номонд 1927-1953 онд ажиллаж байсан ЗХУ-ын ШУА-ийн Монголын комиссын үйл ажиллагааны тухай өгүүлсэн. Зохиогч энэ номондоо Монгол Улсад ЗХУ өргөн хэмжээний эрдэм шинжилгээний ажил хийсний шалтгаан, тэдгээрийн эрх зүйн үндэс, Монголын комиссын үйл ажиллагааны зорилго, зорилт, гол чиглэлийг задлан шинжилжээ. Монголын ШУА-ийн түрүүчийн байгууллага — судар бичгийн хүрээлэнтэй ЗХУ-ын ШУА хамтран ажиллаж байсныг номонд тусгажээ. Татьяна Юсупова энэ бүтээлээ бэлтгэхдээ архивын их материал ашиглажээ. Номын дөрвөн бүлэгт монголын комиссын уйл ажиллагааны ундсэн шатыг сайтар ажиглаж, бас ЗХУ-ын ШУА-ийн Монголын комисс өөр улсын нутагт судалгааны ажил явуулах болсон шалтгааныг задлан шинжилжээ.
- СПб-гт хэвлэгдсэн энэ ном түүхч, монголч эрдэмтэд, бас түүх, ШУ-ы асуудал сонирхдог бүх хүнд зориулагджээ.
- Элст хотын «Жангар» хэвлэлийн газар оросын нэрт эрдэмтэн Людмила Герасимовичийн «12-р зуунаас 20-р зууны эхэн үеийн монгол уран зохиол» гэдэг ном хэвлүүлжээ. Ирина Кульганек ярихдаа:
- Энэ нь СПб-гийн их сургуулийн дорно дахины факультетийн монгол хэлний ангид 1953-1990 онд Герасимовичийн уншсан монголын уран зохиолын түүхийн лекц юм. Энэ номын ихэнхийг нь Герасимовичын өөрөө орчуулсан уран зохиол судлалын материалд тулгуурлажээ. Номонд зарим зохиолчийн уран бүтээл, зохиол, бас монголын уран зохиолын зарим төрлийн судалгаа оржээ. Энэ нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн болсон маш дорвитой бүтээл юм. Энэ ном оюутнуудын хувьд сайхан гарын авлага болох нь мэдээж.
- Сонсогчиддоо өнөөдөр бидний танилцуулах бас нэг ном «Сергей Александрович Кондратьевын амьдрал, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа» нэртэй. Энэ номыг хэл шинжлэлийн ухааны дэд доктор Ирина Кульганек, түүхийн ухааны доктор Вадим Жуков нар хэвлэлд бэлтгэжээ. Хэрэг дээрээ энэ нь Сергей Кондратьевын амьдрал, үйл ажиллагаа, уран бүтээлийн тухай ганц сэдэвт анхны судалгаа юм. Тэр 1896 онд төрж, 1970 онд нас баржээ. Кондратьев археологич, хөгжмийн зохиолч, аман зохиол судлагч монголч эрдэмтэн байв. Тэр төв Азийн нэрт судлаач Петр Козловын тэргүүлж байсан 1923-1926 оны Монгол-Түвдийн экспедицид оролцжээ. Номонд Сергей Кондратьевын уран бүтээлийн өвийн хэсгээс, Төв Азийг Хүннү нар байлдан эзэлсэн үед хамаарах дуулиантай нээлт хийсэн Ноён уулын алдарт малталтын явцын тухай сонирхолтой материал бүхий өдрийн тэмдэглэлийг нийтэлжээ. Энэ бүх баримт бичиг оросын монгол судлал, орос-монголын ШУ-ы хамтын ажиллагааны хегжилд тодорхой хувь нэмэр оруулж байна. Энэ ном дорно дахины судлаач, уран зохиол судлагч, хөгжим судлаач, түүхч, ерөөс тэр жилүүдийн үйл явдлыг сонирхдог бүх хүнд зориулагдсан гэж ном зохиогчид үзжээ.
- Энэ жил Их Монгол Улсын 800 жилийн ой, монголын эзэнт гүрнийг үндэслэн байгууцлагч Чингис хааны төрсний 840 жилийн ой болсон нь ч орос эрдэмтэд, нийтлэлчид, хэвлэлийн эздийн анхааралд өртлөө.
Энд Москвагийн «Восточная литература» хэвлэлийн газраас хэвлүүлсэн, түүхийн ухааны доктор Николай Крадин, Татьяна Скрынникова нарын бичсэн «Чингис хааны эзэнт гүрэн» номыг онцлон тэмдэглэвэл зохино.
- Чингис хааны удирдсан монголчууд дундат зууны хэдэн улсыг бут ниргэсэн хүчирхэг гүрнийг богино хугацаанд байгуулсан тухай энэ номонд өгүүлжээ. Ганц сэдэвт энэ бүтээлд Чингис хааныг нийгмийн соёл, улс төрийн антропологийн салбарын онолын шинэ нээлтэд тулгуурлан судалжээ. Зохиогчид монголын түүхийн гол үйл явдлыг шинэ маягаар тайлбарлаж, 12-13-р зууны монголын нийгэмд системтэй дүн шинжилгээ хийжээ. Сайхан хавтастай зурагтай энэ номыг мэрэгжилтнүүд болон жирийн уншигчид ихэд сонирхож байна.
- Их хаан, түүнийг залгамжлагчдад зориулсан бас нэг номыг Москвагийн «АСТ» хэвлэлийн газар хэвлүүлэв. Энэ номыг түүхийн ухааны доктор, СПБ-гийн нэрт түрэг судлаач Турсун Султанов бичжээ. Энэ нь «Чингис хаан болон түүний удмынхан. Хувь заяа, эрх мэдэл» нэртэй. Зохиогч хамгийн алдарт жанжин, Азийг байлдан дагуулагчийн хувь заяа, асар том, хүчирхэг эзэнт гүрэн түүний нас барснаас хойш удалгүй задарч эхэлсэн тухай бичжээ. Могол Улс, Цагаадайн улс, Алтан ордоны улс гээд Чингис хааны удмынханы байгуулсан улсуудын тухай Султанов өгүүлжээ. Чингисийн ургынхнаас хэн ямар аргаар засгийн дээд эрхэнд гарсан, ургын бусад хүмүүс, өөр олон хүн адил эрхтэй байсан хаан ширээг хэрхэн залгамжилсан тухай энд бичсэн байна.
- Өнөөдөр бидний танилцуулах сүүлчийн ном нь Петербургийн сэтгүүлч Инесса Ломакинагийн ном. «Монголын хуучин, шинэ нийслэл» гэсэн энэ ном сар орчмын өмнө хэвлэгдсэн. Инесса Ломакина өнгөрсөн зууны 60-аад онд Монголд 7 жил ажилласан, тэндээс эргэж ирээд Монголын түүх, соёлын янз бүрийн асуудлыг судлах болжээ. Тэр Монголын тухай 7 ном бичсэн. Сүүлчийн номондоо зохиогч нэг ёсондоо Монголын тухай уран бүтээлийнхээ дүнг гаргажээ. Энэ номд Хүрээ – УБ хотын амьдрал, хөгжлийн тухай, наймдугаар богд төдийгүй, нийслэлийн нэрд гарсан өөр олон хүний хувь заяаны тухай сонирхолтой өгүүлжээ. Зохиогч Монголын нийслэлийн түүхийг орос-монголын харилцааны сүүлийн гурван зууны түүхтэй холбоотойгоор судалжээ. Инесса Ломакина сүүлчийн номынхоо оршилд «Би Улаанбаатар хотод хайртай, тэгээд ч «Мөнх хөх тэнгэр» хэмээсэн их Чингис хааны цэцэн мэргэн санааг эзэмшсэний хувьд эртнээс бодсон номоо 75 насныхаа үр дүн болгож барив» гэж бичжээ.

Орчуулагч П. Шагдар