Foto: http://www.centrasia.ru15 сая еврогийн өртөгтэй энэ киноны продюсер нь Сельянов. Кино таван хэлээр гарна. Сергей Бодров киногоо угсрахаар Америк руу явахын өмнө «Российская газета» сонинд ярилцлага өгснийг та бүхэнд толилуулъя.
- Киног хэдэн жил бүтээв ээ?
- Зургийг нь хоёр жил авлаа. Ажил хэцүү байсан. Бид тулалдааны зургийг 4-5 камераар авсан. Олон морьтон – монголчууд, казахуудыг дайчилсан. 70 орчим цагийн их материалтай боллоо. Энэ кинонд гарамгай эвлүүлгийн найруулагч хэрэгтэй, тэр хүн том кино хийж байсан туршлагатай байх ёстой. Тийм хүнийг олсон, тэр бол «Матрица» киноны эвлүүлгээрээ «Оскарын» шагнал авсан Зэк Стэнберг юм. Германичууд дуу оруулна, Люк Бессонтой цуг ажиллаж байсан, том кино яаж бүтээхийг мэддэг францын баг бидэнтэй хамт ажиллаж байгаа. «Шөнийн харуул», «Өдрийн харуул» киноны зургийг авсан Сергей Трофимов, Оскарын шагналт Рожер Стофферс нар зураглаач найруулагчаар ажилласан. Энэ киног би эртнээс бодсон. «Кавказад олзлогдсон хүн» киног цуг бүтээсэн зохиогчтой хамтарч миний бичсэн зохиол байсан. Бид Чингис хааны амьдралын хүн бага мэдэх, сонирхолтой түүхээс өгүүлнэ. Бидний зохиол Лев Николаевич Гумилевын бүтээл, эрдэмтний таамаглал, үзэл санаанд үндэслэгдсэн.
- Чингис хаанд хэн тоглосон бэ?
- Япон жүжигчин Таданобу Асано тоглосон. Хожим дайсан нь болсон түүний найзад хятадын гарамгай жүжигчин тоглосон.
- Кино зургийг хаана авав?
- Хятадад, мөн Казахстанд, гэхдээ голдуу Өвөр Монголд авсан. Foto: http://kino.skripov.com
- Монголын олон нийттэй таны харилцаа тааруу болсон, юунаас болсон бэ?
- Монголын олон нийтийн зарим хэсэг бидний зохиолд наашгүй хандсан. Чингис хаан Монголын хувьд бурхан, үндэстний эцэг. 800 жилийн тэртээ нас барсан хүн үндэстэнд ийм их нөлөөлсөн өөр жишээ түүхэнд байхгүй. Чингис хаан өнөөдөр ч оюун санаанг эзэмдэж буй. Бид түүхэн лут хүнийг бүтээж, хөшөө дурсгалыг амилуулж чадсан нь гол юм. Киноны зураг авсаны дараа биднийг Монголд урьж, бид олон нийттэй уулзсан. Бидний бүтээсэн зүйл тэдэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Монголын ерөнхийлөгч утга зохиолын дээд сургууль төгссөн, өргөн сэтгэдэг хүн. Тэр бидний их биш материал үзсэн, цаашдаа бид нягт холбоотой ажиллана. Энэ киног Монголд хүлээж авахыг би хүсч байна.
- Та Чингис хааныг огт гутаагаагүй гэдгээ Монголын засгийн газарт яаж тайлбарлаж чадав аа? Энэ нь монголчууд өөрсдөө кино бүтээж эхэлсэнтэй холбоотой биш уу?
- Монголчууд кино бүтээх эрхтэй. Гэхдээ бидний кино олон улсын зах зээлд гарна. Бид маш сонирхолтой хүний тухай сайн кино бүтээхийг хүсч байгаа гэсэн бидний санаа бодолд итгэхийг тэд хүсч байна.
- Та гол дурд тоглосон жүжигчнээ яаж олов о? Их мөнгөөр олсон уу?
- Гайхамшигтай жүжигчид юмны үнэ цэнийг мэддэг юм.
- Яагаад орос жүжигчин тоглуулаагүй вэ? Энэ нь гадаад хүчин зүйлтэй холбоотой юу?
- Энэ бол азийн кино. Киноны үргэлжлэлд орос жүжигчин олон гарна, учир нь энэ кино Чингис хааны залуу үеийн тухай кино.
- Олон улсын тийм төсөл хэрэгжүүлэхийн өмнө та юуг удирдлага болгосон бэ? Энэ кино оросын киноны зах зээлд шинэ кино юу? Эсвэл баатрын цар хүрээ таны сэтгэлийг татаа юу?
- Энэ жил Их Монгол Улсын 800 жилийн ойн жил. Чингис хаан өөрөө сонирхолтой хүн. Тэр бидний хувьд Македоны Александр шиг хийсвэр биш. Орос нутаг гэж юу болох, хаанаас бий болсон тухай асуултад Чингис хаан хариулна. Түүний оргилуун чанар Оросын сэтгэлгээнд асар их өөрчлөлт гаргасан. Чингис хаан 400 хүүхэдтэй байсан. Тэд бас хүүхэд олонтой байсан. Хромосом нь маш хүчтэй. Тэр нь биологийн утгаар бидний хувьд амьд юм.
- Таны зохиолд Чингис хаан хятадын шоронд ордог. Та хаанаас үүнийг мэдсэн бэ?
- Тэр Тангад Улсын шоронд байсан гэж Лев Гумилев үзэж байсан. Энэ ард түмэн Түвдийн их нөлөөн дор байсан. Одоо энэ ард түмэн байхгүй.
- Кинонд том хэмжээний тулалдааны зураг их байгаа юу? Foto: http://www.altapress.ru
- Урьд Тэмүүжиний аав ээжийг нь олзолсон мэргэд аймгийнхан сүйт бүсгүйг нь хулгайлахад Тэмүүжин тэдэнтэй тулалдсан. Мэргэдүүд өшөө авахыг бодож байжээ. Тэмүүжин ялагдсан тулалдаан бий, бас тэр ялсан тулалдаан ч бий. Аугаа их жолоодогч болсон ядуу хүүгийн намтар юуны өмнө миний сэтгэлийг татсан.
- Та киноы зураг авахын өмнө Түвд руу явсан нь сэтгэл санаагаа зөв залах гэсэн хэрэг байсан уу?
- Урьд монголчууд хэрхэн аж төрж байсныг ойлгохын тулд Түвд руу явж, уулын тосгонд хүмүүс хэрхэн аж төрдгийг үзэх хэрэгтэй байлаа. Тэнд урьдын амьдралын мөн чанар үлдсэн. Энэ нь маш ашигтай аялал байсан. Бид түвд лам нарыг харж, тэд ямар нөхцөлд аж төрдөг, санаа сэтгэлийн хүчээ яа хадгалдагийг үзэх нь чухал байсан. Киноны зургийг гайхамшигтай зураачид зурсан. Энэ бол залуу зураач Даши Намдаков, түүний бүтээл өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнд байгаа.
- Эмэгтэй хүний гол дүрд мэрэгжлийн бус жүжигчин тоглосон, эрэгтэй хүний гол дурд япон хүн тоглосон. Тэднийг та чанарын хувьд яаж нэгтгэж чадав аа?
- Том зорилт тавьсан цагт бүтэхгүй зүйл гэж байдаггүй. Киноны зураг авахын өмнө бид Монголд очиж гол бөөтэй уулзсан. Чингис хаан бөө мөргөлтэй байсан. «Олон хүн кино хийхийг хүссэн, над дээр хэн нь ч ирээгүй, тэгээд ч ажил нь бүтээгүй» гэж тэр бөө бидэнд ярьсан. Зураг авч байх үед манай жүжигчин эмэгтэйд мухар олгой ургаад, эмнэлэгт зургаан цаг явж хүрэх байсан. Түүний орны дэргэд бөө, лам, бас хятад эмч байсан, бүх юм дажгуй өнгөрсөн.
- Киноны зургийг ямар хэл дээр авсан бэ?
- Монгол хэл дээр авсан. Англи хэлт зах зээлд түүнийг хуулбарлахгүй, оросын зах зээл субтитрт болгоомжтой ханддаг, телевизэд зориулж киног орчуулгатай гаргана.
- Киног ямар кино наадамд сорих вэ?
- Венецийн наадамд киног маань үзээгүй ч урьсан. Кино өөрийн амьдралтай, түүнийг зохиомлоор яаруулах хэрэггүй.

Орчуулагч П. Шагдар