2007 оны 12-р сарын 2-нд Төрийн думыг сонгох бол 2008 оны 3-р сарын 2-нд улсын шинэ ерөнхийлөгчийг сонгоно.
- Одоо төрийн удирдагчийн тушаалд Владимир Путиныг хэн залгамжлах тухай хэлэлцүүлэг тэргүүн ээлжинд тавигдлаа. Одоогийн ерөнхийлөгч нийтэд их нэр хүндтэй ч оросуудыг хэний төлөө саналаа өгөхийг заах эрхгүйг тодруулах нь чухал. Одоо улсын ихэнх иргэний дэмжиж буй төрийн бодлогын залгамж шинжийг хадгалах хэрэгтэй байна. Энэ утгаар олны сайн мэдэх зүтгэлтнээс чухам хэн нь улс орныг сонгож авсан чиглэлээр урагшлуулах илүү чадвартай тухай Владимир Путины хувийн санаа бодлыг мэдэх нь оросуудад маш чухал юм. Улс төр судлаач Николай Петров ярихдаа:
- Одоо ерөнхийлөгч Путиныг хэн залгамжилж болох, тэр өөрөө хэнд найдвар тавьж байгаа тухай зөндөөн ярьж болно. Ерөнхийлөгч боловсон хүчний талаар ямагт гайхаш төрүүлсэн шийдвэр гаргадаг шигээ биднийг мөн гайхуулах бол уу. Иймээс аливаа яриа одоо онцын утгагүй гэж би бодож байна. Гэхдээ цоо шинэ хүн гарч ирэхгүй нь ойлгомжтой. Засгийн газарт бүр ойрын үед ямар өөрчлөлт гарахыг анхаарах хэрэгтэй. Аливаа өрсөлдөгчийн гарааны хэвийн талбар нь наад зах нь ерөнхий сайдын орлогчийн тушаал байх нь ойлгомжтой.
- Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн товыг зарласаны дараа социологичид ирэх ням гаригт сонгууль болбол хэний төлөө саналаа өгөх зорилгоор оросуудын дунд хэдэн санал асуулга явуулав. Ихэнх нь ерөнхий сайдын орлогч Дмитрий Медведевийг нэрлэжээ. Тэднээс арай цөөн хүн ерөнхий сайдын өөр нэг орлогч, БХ-ын сайд Сергей Ивановыг дэмжихэд бэлэн байна. Бусад улс төрч тэднээс нилээд зайтай явж байна.
Путины нэр дэвшүүлэхийг оросуудад социологичид санал болгоогүй. Улсын үндсэн хуульд нэг хүн ерөнхийлөгчийн тушаалд хоёроос илүү хугацаанд дараалан сонгогдохыг хориглосон байдаг учир тэр сонгуульд оролцохоос татгалзсан. Тиймгүйсэн бол одоогийн ерөнхийлөгч санал асуулгад хошуучлах нь тодорхой. Гэвч хууль бол хууль. Ардчилсан жишгийн дагуу сонгогдох өөр хүн төрийн дараачийн тэргүүн болно. Хоёр жилийн дараа болох сонгуульд ОУ ийм байдлаар дөхөж байгаа нь гол юм.

Орчуулагч П. Шагдар