АНУ терроризмтай дэлхийн хэмжээнд дайтахын төлөөнөө ардчилсан үнэт зүйлсийг хохироох ёсгүй. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Америкийн Индиан муж улсын Индепенденс хотод салах ёслолдүг хэлэхдээ тийнхүү анхааруулав. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Кофи Аннаны энэ үгийг энэ өндөр албан тушаалд арван жил байсны нь дүн гэж үзэж болно. Энэ үг бас өөрийг нь залгамжлах Өмнөд Солонгосын төлөөлөгч Пан Ги Мунд өгсөн захиас боллоо. Гэхдээ түүний үг АНУ-ын удирдлага болон энэ орны ард түмэнд хандсан нь эргэлзээгүй. Эцсийн бүлэгт энэ үг НҮБ-ын гишүүн бүх улс, дэлхийн нийт хамтын нийгэмлэгт хандлаа. Кофи Аннаны дэлхийд хандсан өвөрмөц захиас өргөн бөгөөд үндсэн таван зүйлийг хамаарч байна. Түүнийг «Вашингтон пост» сонины өчигдрийн дугаарт нийтэлжээ.
Хүн төрөлхтөн дэлхийд тогтвортой байдал, энх тайвныг хангаж чадахгүй бол эдийн засаг, ардчилал, хүний эрхийн талаар ярих ч шаардлагагүй нь олон хүнд ойлгомжтой. Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров энэ өдрүүдэд энэ сэдэвт бас хоёр ч удаа хандсаныг тэмдэглүүштэй. Эхний удаад Москвагийн УИС-ийн оюутнуудтай уулзахдаа ярьсан. Тэр тэнд дэлхийн үйл хэрэгт үзэл сурталжсан байдлаар хандах, АНУ терроризмтай тэмцэх шалтгаар дэлхийд газар сайгүй нийгмийн байгууллын талаарх өөрийн бодлыг тулгахыг эсэргүүцсэн. Ингэхдээ «нэг туйлт» ертөнцийн санаа бүтэшгүй нь улам илэрхий болж байгаа бөгөөд Вашингтоныхон түншүүдтэйгээ тохиролцох шаардлагад дасах болж байгааг сайд тэмдэглэсэн. Тэр цэргийн «Красная звезда» сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ, олон улсын нэг ч асуудлыг хүчээр шийдэх аргагүйд анхаарал хандуулсан. Ингэхдээ Ирак, Ливаны байдлыг иш татав.
НҮБ-ын огцорч буй ерөнхий нарийн бичгийн дарга, Оросын ГХ-ийн сайд хоёрын хэлсэн үг ийнхүү тохирсныг тохиолдлын зүйл гэж болохгүй. Дэлхий ертөнц хөгжлийнхөө эргэлтийн биш гэхэд маш хариуцлагатай үед байна. Чухам иймээс олон улсын хамгийн амин чухал асуудлыг шийдэх зөв арга замыг одоо эрж олох нь чухал байна. Олон этгээдийн дипломат бодлого шаардлагатай хийгээд мөргөлдөөнийг эвийн аргаар шийдэхэд НҮБ чухал үүрэгтэй, бас олон улсын харилцааны олон туйлт бүтэц чухлыг улам бүр олон улс ухаарч байгаа нь өөдрөг сэтгэл төрүүлж байна. Сергей Лавров ийм үнэлгээ өгсөн юм.

Орчуулагч П. Шагдар