Энэ театрыг Виктор Токарев удирддаг. Тэр бас найруулагч юм. Түүнтэй манай сурвалжлагч Ольга Иванова ярилцав.
- «Сарны чулуу» чуулгын тоглолт хэр болов оо?
- Энэ чуулгын уран бүтээлчид Эрхүү хот, Эрхүү мужид тоглов, Тэгэхдээ Эрхүүд гурван удаа, Ангарскт нэг удаа, Усолье-Сибирскт нэг удаа тоглолоо. «Сарны чулуу» чуулга тоглоход танхимд үзэгчид пиг дүүрэн байв. Сибирийнхэн монголын жүжигчдийн тоглолтыг маш сонирхон үзлээ. 17-20 насны тэр залуус мэрэгжлийн өндөр тувшинд тун сайн тоглож байна. Энэ нь зүгээр нэг концерт байгаагүй. Энэ нь өөрийн уран бүтээлийн хуулиар маш нарийн гаргасан хөтөлбөртэй байлаа. Үзэгчид нүүдэлчид, цамын бүжиг, монгол охид, мэргэн дагинасын бүжиг үзлээ. Хөөмийлж, эртний хөгжим тоглохыг харлаа. Тун чадмаг тоглож, үзэгчид шагшин магтаж, алга нижигнүүлэн ташиж, «Браво» гэж хашгирч байлаа. Би энэ тоглолтыг хэдэн удаа үзэж, үнэхээр таашаал авсан. Дахиад л үзээд баймаар байлаа.
- Хөөмий болон цамын бүжгийг сибирийнхэн хэр мэддэг вэ?
- Үүнийг бид мэдэлгүй яахав. Сибирьт, жишээлэхэд буриадууд аж төрдөг Усть-ордын үндэсний автомат тойрог бий. Тэднийг монголчууд ах дүү гэдэг, учир нь тэд шашин шүтлэг, дадал заншил, уламжлал, ардын соёлоороо ойр дөт. Аль алинд нь хөөмий, цамын бүжиг бий, бас ардын хөгжим нь төсөөтэй, дуу нь ч утга санаа, аяараа төсөөтэй. Эд санаа сэтгэлээр ч ойр ард түмэн. Гэхдээ бид бас ах дүү гэж би боддог, учир нь монголчууд орос хүмүүс, оросын соёлыг их хүндэтгэдэг, дуртай байдаг. Соёлын олон нэрт зүтгэлтэн орос хэл мэддэг төдийгүй, Орос Улсад сурч байсан. Манай зочдоос театрын менежер, энэ тоглолтыг зохион байгуулсан хатагтай Болормаа Киевт сурч байсан. Орос хэл сайн мэддэг. Бид тоглолтын явцад залуустай үерхэж, бие биедээ жинхэнэ ах дүүгийн ёсоор хандаж байлаа.
- Монголын «Сарны чулуу» чуулга тийнхүү тоглосоны дараа та хариуд нь оросын язгуур урлагийн концерт тоглохыг бодохгүй байна уу?
- Та миний бодлыг таалаа. Хөгжим, бүжгийн олон зууны соёлын ололтыг тусгасан энэ чуулгын тоглолтыг бид үзээд тайван байж чадаагүй. Тэгээд би бодсон. Манайх бас ардын соёл, уламжлалыг судалдаг язгуур урлагийн чуулга, уран бүтээлчидтэй. Театрт ч ийм байх ёстой. Одоо би орос сэтгэл, оросын авхаалж самбааг дуу бүжгээр гаргах тийм жүжиг бүтээх бодолтой байгаа. Одоогоор өгүүлэмжийг нь бодоогүй байна. Гол нь Оросын үндэсний өнгө аясыг гаргах хэрэгтэй.
- Та «Байгал нуурын домог» гэсэн жүжиг тавих гэж байсан биз дээ?
- Тэгсээн. Байгал хавийн нутгийн Байгал, Ангарын уугуул ард түмний аман зохиол энэ жүжгийн үндэс болсон. Бид аман зохиол маш олныг судлаад манай залуучуудын театрт олны сайн мэдэх үлгэр домгийг амилуулж болох юм гэж бодсон. Гол дүр нь Байгал өвөө, түүний охин Ангара, түүний суйт хархүү Енисей, Иркут, домгийн өөр бусад олон баатар байх юм. Жүжигт хэдэн хамтлаг: манай театр, «Пилигримы» хөгжимт театр, буриадын дуу бүжгийн нэрд гарсан улсын чуулга тоглоно. Харин одоо Монголоор бид аялан тоглож, «Сарны чулуу» чуулга манайд тоглосоны дараа бүх зүйлийг огт өөрөөр хийх хэрэгтэйг ойлгосон. Гол нь үзэж харууштай чанарыг эрхэмлэх хэрэгтэй.
- Та нар Монголын талтай цаашдаа уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?
- Ноён Болд Монголын үлгэр домгоор сэдэвлэсэн хүүхдийн жүжгийг манай театрын тайзнаа тавихаар ирэх гэж байгаа. Түүнээс гадна бид орчин үеийн сэдэвтэй жүжиг тавих санаатай. Энэ нь Эрхүүд сурч байсан нэг монгол залуу орос бүсгүүйд сэтгэлтэй болсон тухай сэдэв. Үйл явдал цаашдаа их сонин байдлаар өрнөх юм. Ноён Болд энэ жүжгийг тавихыг бидэнд хэдийн захиалсан. Бид ч шинэ санаагаа лавшруулж, залуучуудад зориулж орчин үеийн романтик түүх бүтээхийг хүсч байна, гэхдээ энэ талаар одоо тодруулж ярихгүй.
- Та цааш нь юу ярихсан бол?
- Би «Сарны чулуу» чуулгын ерөнхий захирал хатагтай Саранчимэгт хамгийн сайн сайхныг ерөөх байна. Түүнд бахархах зүйл байна. Тоглолт үнэхээр сайхан болсон. Үзэгчид алга нижигнүүлэн ташиж, үнэхээр бишрэн бахадсан. Ёстой амжилт олсон. Харин тэр өөрөө ирж чадаагүй нь тоогүй. Энэ ялдамд түүнд мэндчилгээ дэвшүүлж, залуус чинь сайхан тоглосонд талархал илэрхийлье. Манайд тоглосоны дараа шууд Канад руу явсан чуулгын залууст та нар дэлхийн хаана ч очсон Эрхүү хотод, манай театрт та нарт хайртай, та нарыг санаж, та нарыг ёстой мэрэгжлийн жүжигчид гэж үнэлж байдаг хүмүүс байдгийг санаж явахыг хэлэх байна.

Орчуулагч П. Шагдар