Foto: president.kremlin.ruТэр өчигдөр үдэш эх орон руугаа буцлаа. Өчигдөр өдөр Кремльд орос-монголын дээд хэмжээний хэлэлцээ болов. Энэ уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн дотор манай тусгай сурвалжлагч Ольга Павлович байв. Уулзалт хэрхэн болсон тухай өгүүлье.
- Ерөнхийлөгч нар эхлээд ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь төрийн тэргүүн нартай хоёр орны төлөөлөгчид нийлэв. Өргөтгөсөн бүрэлдүүнд болсон хэлэлцээний эхэнд ОУ-ын ерөнхийлөгч монгол нөхөдтэй мэндчилэв. МУ-ын ерөнхийлөгч орос хэл сайн мэддэг учир орчуулгын шаардлагагуй гэж үзсэн Владимир Путин ярихдаа:
- Манай хоёр орны харилцаа сэргэж байгаа төдийгүй, маш идэвхтэй хөгжиж байгаад бид их баяртай байна. Гэхдээ харамсалтай нь бид одоогоор 80-аад оны эцэс, 90-ээд оны эхний түвшинд хараахан хүрээгүй байгааг ерөнхийлөгч бид хоёр уулзах үед тэмдэглэсэн, гэвч тийнхүү хөгжих төлөв байгаа нь мэдээж. Үүний сацуу олон улсын тавцанд улс төрийн харилцаа, бидний зөвлөлдөөн хөгжиж байгаад бид сэтгэл ханамжтай байна.
- Владимир Путин цааш нь Орос, Монголын харилцаанд эдийн засгийн харилцаа хөгжүүлэх нь хамгийн гол зүйл болж байна, хамтарсан том үйлдвэрүүд байгаа болохоор хэтийн төлөв, нөөц бололцоо сайн байна. Хэрэв бид нилээд зориг гаргаж, шургуу шамдуу ажиллавал барааны эргэлтээ урьдын түвшинд хүргэх төдийгүй, түүнээс илт давуулж чадна гэлээ. Владимир Путин Намбарын Энхбаярт хандаж хэлэхдээ:
- Тантай уулзаж байгаадаа бид баяртай байна, хүндэт ноён ерөнхийлөгч Таны айлчлал, манай монгол нөхдийн ийм өргөн хэмжээний төлөөлөгчдийн айлчлал бидний сонирхол татсан бүх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд манай бүх байгууллагад сайн түлхэц болно гэж итгэж байна гэв.
- Монголын төлөөлөгчдөд Оросын нутагт байсан эхний өдрөөс халуун дотно хүлээн авч зочилж байгаад Владимир Путинд Монгол Улсын ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Тэр цааш нь ярихдаа:
- Бид энд ирэхдээ Буриад Улс, Новосибирск, Элст хотоор дамжлаа. Орос Улс үнэхээр хосгүй орон, олон янзын соёлтойг бид харлаа. Гэхдээ нэг л зүйл бүгдийг нэгтгэж байгаа нь бидэнд бүгдээрээ тун сайн хандаж байна, бид ч тэдэнд бас тэгж ханддаг. Бид найрамдал, халуун дотно сэтгэлийг мэдэрч, энэ нь бид амар хялбар ойлголцоход тусаллаа. Владимир Владимирович та бид хоёр ч харилцан бүрэн ойлголцсонд би баяртай байна, тантай уулзсандаа маш баяртай байна гэлээ.
- Кремльд өргөтгөсөн бүрэлдүүнд хийсэн хэлэлцээ хоёр цаг гаруй үргэлжлэв. Хоёр орны удирдагчид худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, «Эрдэнэт», «Монголросцветмет», «УБТЗ» зэрэг улсын оролцоотой хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх төлөв зэрэг асуудлыг хэлэлцэв.
- Дараа нь худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн болон мэдээллийн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хоёр орны яам, тусгай газрын сайд, дарга нар гарын үсэг зурав. Гарын усэг зурах ёслолд Орос, Монголын ерөнхийлөгч нар байв. Орос, Монголын Онц байдлын сайд нар бас харилцаагаа идэвхжүүлэх тухай протоколд гарын үсэг зурав. Цааш нь…
- ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, МУ-ын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нар орос, монголын улсын хилийн дэглэмийн тухай гэрээ, орос-монголын хэлэлцээний дүнгийн тухай Москвагийн тунхаглалд гарын үсэг зурав.
- Дараа нь төрийн тэргүүн нар хэвлэлд зориулан мэдэгдэл хийв. Владимир Путин ярихдаа:
- Өнөөдөр дээд хэмжээнд хийсэн орос-монголын уулзалт ашигтай, үр дүнтэй болов. Энэ нь манай хоёр орны уламжлалт найрсаг яриа хэлцээнд чухал үйл явдал боллоо. Бид Москвагийн тунхаглалд гарын үсэг зурсан нь нэг гол дүн юм. Энэ тунхаглал гол гол асуудалд Орос, Монголын хандах хандлага адил байгааг тусгаж, орос-монголын харилцаа итгэлтэй хөгжиж, түншлэл, харилцан ашигтай байх санаагаар хөгжихийг нотолж байна гэв.
- Монгол Улсын ерөнхийлөгч ярихдаа:
- Энэ айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 85 жилийн ойн жил боллоо. Энэ ой биднийг урьд манай хоёр орны хооронд байсан харилцааг бодох төдийгүй, ирээдүйд мөн тийм харилцаа тогтоох тухай бодоход хүргэж байна. Ирээдүйгээ тийнхүү харж байна, энэ нь оросын ч, монголын ч ард түмэнд ашигтай гэлээ.
- Владимир Путиныг Монгол Улсад өөртөө тохиромжтой цагтаа айлчлахыг Монгол Улсын ерөнхийлөгч урив. Урилгыг талархан хүлээж авав.

Орчуулагч П. Шагдар