Танилцуулах ёслолыг МУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ, Оросын гадаад уран зохиолын улсын номын сан зохион байгуулав. Номыг танилцуулахад манай тусгай сурвалжлагч Ольга Павлович байв.
- Саяхан ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны «Оросын сэтгүүл зүйн домогт хүн» хүндтэй цол хүртсэн Леонид Шинкарёв хэдэн жилийн өмнө «Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл» гэдэг ном бичсэн. Энэ ном Монголд ховор номын дотор орсон. Монголын удирдагч орос эмэгтэйд дурласан тухай энэ номонд бичиж олны сонирхол татсан нь зохиогчийг бараг гучин жил цуглуулсан, Монголтой холбоотой архиваа дахин уудлахад хүргэжээ. Тэгээд Шинкарев шинэ шинэ баримт, захидал, тэр үеийн хүмүүсийн дуртгал гаргаж ирэв. Уншигчдын захидал ч номоо шинээ бичихэд хүргэжээ. Тийнхүү «Цэдэнбал болон түүний цаг үе» хоёр боть ном гарлаа. «Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл» нэртэй эхний ботид түрүүчийн номоо засварлаж, шинэ материалаар баяжуулжээ. «Баримт бичиг, захидал, дуртгал» гэсэн хоёр дахь ботид гол төлөв нийтлэгдээгүй архивын материал, тэр үеийн хүмүүсийн дуртгал, бас зохиогчийн ажиглалт тусгагджээ. Хоёр боть энэ номыг Москвад гадаад уран зохиолын номын санд танилцуулав.
- Танилцуулах ёслолыг МУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Хангай хөтлөв. Элчин сайд өөрийнх нь ярьснаар их авьяастай, сайхан сэтгэлтэй хүн Леонид Шинкарёв, бас хоёр боть номыг голчлон ивээн тэтгэсэн, «Зарубежстрой» хувьцаат нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал Владимир Титиевский, энэ номыг монгол хэлээр орчуулсан Хасбаатарын Мэргэн нарыг цугларагсдад танилцуулав. Монгол орчуулга нь орос эхээсээ дутахааргүй гэж юм мэддэг хүмүүс үзэж байгааг Хангай онцлон тэмдэглээд, цааш нь ярихдаа:
- Шинкаревын бичсэн «Цэдэнбал, Филатова хоёр: хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл» гэдэг эхний ном, одоо хэвлэгдэж байгаа хоёр боть номыг Монголд их сонирхсон. Өнгөрсөн зууны 90-ээд оны дундуур манай оронд эрс өөрчлөлт гарах үед Юмжаагийн Цэдэнбал, Анастасия Филатова хоёрт монголчууд наашгүй хандаж байсныг энэхүү амьд хүүрнэл эвдсэн гэдэг талаар олон хүн санаа нийлж байна. Гэхдээ энэ ном үүгээрээ үнэтэй байгаад зогсохгүй. «Цэдэнбал болон түүний цаг үе» хэмээх хоёр боть ном ХХ зууны Монголын бараг бүх түүхийг бодит хүмүүс болон үйл явдлаар баримттайгаар харуулж байна гэлээ.
- Гайхамшигтай бүтээл туурвисан Леонид Шинкарёвт элчин сайд талархаад, түүхийн ухааны доктор Марк Гольманыг үг хэлэхийг урив. Тэр ярихдаа:
- Леонид Шинкарёвын хоёр боть шинэ номонд энэ номын баатруудын аж төрж, бүтээж туурвиж, хайрлаж дурлаж байсан тэр нөхцөл байдал, тэр үеийн байдлыг өргөнөөр харуулсан юм. Энэ нь нэвтэрхий толь, сурах бичиг, эрдэм шинжилгээний зохиол биш. Өргөн сэдэв хамарсан, баатруудынхаа мөн чанарт гүнзгий нэвтэрсэн нь энэ номыг нэвтэрхий толь шиг гэж хэлэх боломж олгож буй. Номонд оруулсан баримт бичгүүд олон талтай, арвин байгаа нь түүнийг эрдэм шинжилгээний ажил хийхэд ч, түүхийн хичээл заахад ч дорвитой эх сурвалж болж байна, тэдгээрийн заримыг монголч эрдэмтэд бид ч үзээгүй юм. Би хувьдаа оюутнуудад лекц уншихдаа энэ номоос ашигтай, хэрэгтэй олон мэдээлэл авдаг, түүнгүйгээр ХХ зууны Монгол орны эмгэнэлт түүхийг харуулах боломжгүй. Нийтлэлч зохиолч, бас Монгол орныг сайн мэддэг нөр хичээнгүй шинжээчийн хувьд Шинкарёвын авьяас энэ номоор илэрсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь тэр Монгол оронд маш хайртай юм.
- Хоёр боть номын талаар нэрт монголч эрдэмтэн Александр Железняков, Владимир Грайворонский, Сергей Рощин, Шайкен Надиров нар танилцуулах ёслол дээр санаа бодлоо ярив. Надиров нь Шинкарёвын номонд бичсэн үйл явдлыг гэрчлэх хүний нэг. Тэр үүний өмнө «Цэдэнбал. 1984 он» ном бичиж, дуулиан дэгдээсэн. Шайкин Надиров Леонид Шинкарёвын номыг танилцуулах ёслол дээр ярихдаа:
- Хоёр боть энэ ном гарсан нь том, сайхан үйл явдал. Энэ бол нарийн түвэгтэй ном. Олон талтай, олон төлөвлөгөөтэй ном. Эхний номоос ялгаатай нь Цэдэнбалын удирдаж байсан үед БНМАУ-д болж байсан үйл явдлыг онцлон анхаарчээ. Номд тэр үеийн үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн дуртгалыг өргөнөөр оруулсан нь номын нэг гол давуу тал юм. Номд 105 хүний дуртгал бий. Тэдний дотор академич Дамдинсүрэн, Ширэндэв, зохиолч Эрдэнэ, Тудэв, жужигчин Цогцолмаа нар байна. Эдний үгэнд итгэхээс яахав.
- «Цэдэнбал болон түүний цаг үе» номыг орчуулсан, одоо МУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байгаа Мэргэн энд үг хэллээ.
- Ийм номыг орчуулах нь ямар ч орчулагчийн хувьд их хувь завшаантай хэрэг. Үүнийг Леонид Шинкарёв надад итгэсэнд би баярлаж байгаа. Би энэ номыг ихэд сонирхон орчуулж, өөртөө сонирхолтой, шинэ зүйл олныг нээсэн. Зохиогч бидний хувьд ХХ зууны Монгол орны түүхийг хадгалж үлдээлээ. Энэ нь манай орны залууст нэн чухал юм.
- Танилцуулах ёслолын төгсгөлд номыг зохиогч Леонид Шинкарёв үг хэлэв. Тэр ном бичиж, хэвлүүлэхэд нь тусалсан бүх хүнд талархал илэрхийллээ. Юуны өмнө номыг гар бичмэлээр нь уншиж, эхэлж үнэлгээ өгсөн элчин сайд Хангайд талархал илэрхийлэв. Шинкарёв төгсгөлд нь хэлэхдээ:
- Би сая Монголоос ирсэн, тэнд номын монгол хэвлэлийг танилцуулсан юм. Би энэ оронд очих бурийдээ олон зүйл өөрчлөгдөж байгааг хараад гайхдаг. Олон шинэ зүйл бий болж байна. Олон байшин барилга баригдсан төдийгүй, дэлгүүрт хүссэн бүх юм байна, хүмүүсийн төрх царай ч өөр болжээ. Монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж, боловсролын түвшин нь нэмэгдэж байна. Монгол УИС-ийн оюутнуудтай номынхоо тухай ярилцахад тэд асуултаа хэрхэн нарийн тавьж, Орос Улсад болж буй үйл явцыг сайн мэддэг нь харагдлаа. Тэд өнөөдрийн болон өдрийн тухай сэтгэж байна. Энэ нь гайхамшигтай хэрэг гэлээ.

Орчуулагч П. Шагдар