Үүнтэй холбогдуулж манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотоос эргэж ирсэн ОХУ-ын Хяналтын танхимын аудитор Виктор Косоуровтай ярилцлаа.
- Виктор Семенович оо, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажиллагааг сая шалгасан нь юутай холбоотой вэ?
- Энэ нь төлөвлөгөөт шалгалт байсан. Шалгалтыг энэ жил хийхээр төлөвлөж байсан. Шалгалтыг энэ оны 6-7-р сард хийсэн. ОХУ-ын Хяналтын танхим, МУ-ын хянан байцаах газрын мэрэгжилтнүүд том хэмжээний энэ дорвитой ажлыг гурван долоо хоног хийсэн. Шалгалтын дүнгийн баримт бичгийг бид 11-р сарын сүүлчээр болсон хамтарсан хуралдаанаар авч үзсэн.
- «УБТЗ» хамтарсан үйлдвэрийн ажиллагааг хэр үнэлэв ээ?
- Бид 2003-2005 оны санхүү — аж ахуйн үйл ажиллагааны дүнг авч хэлэлцсэнд анхаарал хандуулахыг хүсч байна. Өнгөрсөн гурван жилийн ажил маш нааштай байсан гэж үзэж болно. Энэ хугацаанд эдийн засгийн бараг бүх үзүүлэлт нэмэгджээ. Үүнд ачаа тээвэр тогтвортой нэмэгдэж, галт тэрэг ашиглалтын үр ашгийг тодорхойлдог үзүүлэлт сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн байна. Хөдөлмөрийн бүтээмж 2003-2005 онд 1,6 дахин өссөнийг хэлэхэд хангалттай. Хөрөнгө оруулалт ч энэ хугацаанд 2,7 дахин нэмэгджээ. Үйлдвэрийн цэвэр ашиг ч нэмэгдсэн нь мэдээж. Гэхдээ УБТЗ-ын ажиллагаанд илүү гүнзгий, нарийн дүн шинжилгээ хийвэл энэ оны аравдугаар сард зуурдаар нас нөгчсөн, туршлагатай ажилтан Василий Магдей УБТЗ-ыг удирдаж байсагн сүүлийн бүтэн хагас жилийн дотор захиргааны болон зохион байгуулалт-техникийн арга хэмжээ авсан дүнд дээр дурдсан амжилт олжээ гэсэн дүгнэлт гарч байна. Замын байдлыг нарийвчлан шалгаж үзэхэд бүх нөөц нь өнөөдрийн байдлаар дууссан нь харагдаж байна. Замын материал-техникийн баазыг хөгжүүлэн бэхжүүлэх, түүнийг шинэчлэхэд хөрөнгө их оруулах шаардлагатай байна. ОХУ-ын засгийн газрын дарга Михаил Фрадков энэ оны зун МУ-д айлчлах үед энэ тухай ярилцсан. Орос, монголын эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн засгийн газар хоорондын комиссын сүүлчийн хуралдаанаар ч энэ асуудлыг ярилцсан. ОУ, МУ-ын ерөнхийлөгч энэ сарын эхээр Москвад уулзах үед ч энэ асуудал нилээд байр эзэлнэ байх гэж бодож байна. Бид бий болсон байдлын талаар Владимир Путины нэр дээр мэдээлэл бичсэн.
- УБТЗ-ын ажилд ямар үндсэн дутагдал байна вэ?
- Өнөөдөр замын материал-техникийн баазын байдал маш муу байгаа нь гол асуудал болж байна. Тодруулж хэлбэл, техникийн хангамж муу, автомат хаалт, хоёр дахь зам, хяналтын автомат систем байхгүй, орчин үеийн программын хангамж байхгүй, галт тэргүүд их элэгдсэн. Суудлын вагоны 30 хувь нь 25 жил гаруй эдлэгдэж байгааг хэлэхэд хангалттай. Энэ бүхэн шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардаж байна. Бид монгол нөхдийн хамт дараах дүгнэлт хийсэн. Юуны өмнө хөрөнгө оруулах хэрэгтэйг би түрүүнд ярьсан. Замын удирдлага сүүлийн үед замыг бэхжүүлэх, шинэчлэх асуудлыг бие даан шийдэхийг оролдсон. Тэд тур хугацаагаар үүнийг хийж чадсан. Гэвч ямар аргаар хийсэн бэ? Зам валютын балансынхаа 50 орчим хувиар зээлийн өр тавиад байна. Энэ бол туйлын арга. УБТЗ-ыг цаашдаа дурдсан бух асуудлыг дангаараа шийд гээд орхивол УБТЗ дампуурч болзошгүй тийм байдалд орно.

Орчуулагч П. Шагдар