Foto: http://egov-buryatia.ru- 1927 онд оршуулсан Оросын буддистуудын 12-р хамба Даш Дорж Итигэловын шарилыг булшнаас гаргасан тухай мэдээг дэлхийн мэдээллийн агентлагууд 2002 оны 9-р сард тарааж, дуулиан дэгдсэн билээ. Шарил цагийн эрхээр муудаагүй нь гайхал төрүүлж, эрдэм шинжилгээний хувьд маш их сонирхол татсан.
Ер бусын энэ үйл явдалд зориулсан хэвлэлийн бага хурал 11-р сарын сүүлчээр Москвад болов. Тэнд манай сурвалжлагч Александр Жуков байв. Түүний бэлтгэсэн сурвалжлагыг та бүхний анхааралд толилуулъя.
- ОУ-ын хүмүүнлэгийн их сургуулийн танхимд Хамба лам Итигэловын шарилыг судалж буй орос эрдэмтэд, Буриад зоны төлөөлөгчид, ер бусын энэ үзэгдлийг сонирхсон бүх хүн цугларав. Цугларагсдад «Хамба лам Итгэловын илгээлт» баримтат кино үзүүлж, дараа нь Итигэловын оюуны болон материалын өвийг хадгалах үүрэг хүлээсэн «12-р бандид хамба лам Итигэловын хүрээлэн» гэдэг арилжааны бус байгууллагын захирал Янжима Васильева үг хэлэв.Тэр Хамба лам Итигэловын зээ юм.
- Бид Буддийн сангийн ивгээлд ажилладаг, манай хүрээлэн Хамба лам Итигэловын өвийг хадгалж, үйлсийг нь үргэлжлүүлэх үүрэгтэй. Итигэлов гэгээрүүлэх ажил хийж, хүмүүсийг эмчилдэг байсан юм. Тэр буддийн гун ухаанаар 50 гаруй бүтээл туурвиж, төвд эмийн «Жор» гэсэн бүтээл бичиж, сүсэгтнүүд, шавь нар болон ур удмынхандаа оюуны гэрээс үлдээсэн.
12-р Бадид хамба лам Даш дорж Итигэлов 1927 оны 6-р сарын 15-нд Янгажины дацангийн лам нарыг байлцуулан өөрт нь зориулж «Талийгаачид өрөөл» айлдахыг хүсчээ. Лам нар өрөөл хэлж зүрхлэхгүй болохоор тэр өөрөө айлдаж эхэлж, лам нар дагаж уншжээ. Хамба лам зан үйлээ гүйцэтгэсний дараа амьдын шинж тэмдэг үзүүлсэнгүй, Даш Дорж Итигэловын гэрээслэснээр түүнийг авсанд лянхуагийн байдлаар байрлуулж, Буриадын Хөх Зүрх гэдэг нутагт оршуулахаар орхижээ.
Хамба ламын гэрээслэсний дагуу 1955 онд хэсэг лам түүний шарилтай авсыг өргөж, зохих ёс горимыг гүйцэтгээд, хувцсыг нь сольж, авсанд дахиад тавьжээ. Лам нар 1973 онд Итигэловын шарилыг дахин шалгаж үзэж, бүтэн байхыг нь хараад, авсанд буцааж тавьжээ. 2002 оны 9-р сарын 10-нд Иволгийн дацангийн лам нар хамба лам Итигэловын авсыг онгойлгож, зохих зан үйл гүйцэтгээд, шарилыг Иволгийн дацанд аваачжээ, шарилыг гаргахад эрүүгийн хэргийн шинжээчид байлцав.
- Энэ үйл явдлыг ОУ төдийгүй, түүний хилийн чанадад буддистууд ихэд сонирхжээ. Итигэловын шарилыг Иволгийн дацанд аваачсаны дараах эхний хэдэн сард мөргөлчдийн цуваа тасарсангүй. 2002 онд 3000 мөргөлчин ирж байсан бол энэ жил багшдаа мөргөхөөр 500 мянга гаруй хүн иржээ. 2003 оны 4-р сард Оросын буддистуудын холбооны удирдлагын шийдсэнээр 12-р бандид хамба лам Даш Дорж Итигэловын шарилыг буриадын ард түмний шүтээн болгон зарлажээ.
- Гэвч өнгөрсөн таван жилд энэ үзэгдлийг судалсан эрдэмтдээс асуух зүйл цөөрөх битгий хэл нэмэгджээ. Хэвлэлийн бага хурал дээр Оросын Байгалийн ухааны академийн академич, техникийн ухааны доктор Борис Большаков энэ тухай ярив.
- Энэ нь ямар учиртай вэ? Шарил газарт 70 жил байхдаа муудсангүй, тэнд байсан давсанд түлэгдсэнгүй. Бас 4 жил хангалттай гэрэлгүй нөхцөлд янз бүрийн зүйлд өртөлгүй хэвээр байгаагийн учир юунд байна вэ? Итигэловын үс, хумс, арьсанд шинжилгээ хийж үзэхэд ямар ч өөрчлөлт гараагүйг тэмдэглэх хэрэгтэй. Хамба ламын арьсны уураг амьд эрэгтэй хүний арьсны уурагтай адил байна. Дотоод эрхтгнүүд нь бүтэн байна. Ламын биед зандашуулсаны ямар ч ул мөр үлдээгүйг шуух эмнэлгийн хоёр акт харуулав. Энэ нь занданшуулахтай холбоогүй юм. Нойрссон байдалтай байгааг ч эрдэмтэд үгүйсгэж буй.
- Орос Улсын хүмүүнлэгийн их сургуулийн профессор Ершова мэдэгдэхдээ «Дэлхийд ийм явдал албан ёсоор бүртгэгдэж байгаагүй. Түвдэд л бараг хоёр хүний нэг нь ийм байдалд орж, хэдэн мянган жил хадгалагддаг гэж ярихыг сонсож болно. Харин эрдэмтэд ийм тохиолдол гарч байсныг санахгүй байна. Түвдэд болон Зүүн өмнөд Азид үзэж болох лам нар амьд хүнийг санагдуулдаггүй, бүр лак түрхэж, алтадсан байдаг. Буриадад бид онцгой зүйлтэй тулгарав» гэлээ.
- Хэвлэлийн бага хурлыг хөтөлсөн Орос Улсын хүмүүнлэгийн улсын их сургуулийн 1-р проректор Владимир Минаев ихэнх эрдэмтний санаа бодлыг нилээд нарийн илэрхийлж, «Орчин үеийн ШУ энэ үзэгдлийн учрыг одоооор тайлж чадахгүй байна» гэлээ.

Орчуулагч П. Шагдар