Санкт-Петербургийн их сургуулийн дорно дахины факультетэд монгол хэлний тэнхим 150 гаруй жил ажиллаж байна. Саяхан манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Нева мөрний хөвөөн дэх хотоор очихдоо энэ тэнхимээр орж, багш, оюутнуудтай нь уулзжээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доцент Павел Гроховский оролцоно.
- Павел Леонович Та тэнхимийнхээ түүхээс тодруулж ярина уу?
- Эхлээд монгол, халимаг хэлний тэнхим нэртэй байсан манай тэнхим 1855 онд СПб-гийн их сургуулийн Дорно дахины факультетэд нээгдсэн. Гэхдээ энэ тэнхимийг Орос Улсад монгол хэл анх зааж эхэлсэн Казанийн их сургуулиас шилжүүлж авачирсан юм. Казаниас Петербургт багш нар ирсэн төдийгүй, номын сангийн хэсэг, гар бичмэлийн баялаг сан зөөж авчирчээ. Манай тэнхимд урьд дорно дахиныг судлагч нэрт эрдэмтэн Позднеев, Руднев, Владимирцов, Козин нар ажиллаж байв… Оросын монгол судлалын алдарт уламжлалыг энд үргэлжлүүлж, хэсэг завсарласаны дараа ХХ зууны сүүлийн хагаст 1944 онд эрдэмтэд тэнхимийнхээ ажлыг сэргээсэн юм. 70-аад оноос манайд төвд хэл, уран зохиолын хичээлийг хятад хэлний тэнхимээс шилжүүлсэн. Тэгээд манай тэнхимийг монгол, төвд хэлнийх гэх болсон. Харин өнгөрсөн жилээс бид монгол судлал, төвд судлалыг салгасан. Энэ оны зун зөвхөн монгол хэлний ангид оюутан анх удаа элсүүлсэн. Энэ нь монгол хэлний мэрэгжилтэн бэлтгэх тувшинг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм.
- Танай тэнхимд дайнаас хойшхи жилүүдэд монгол хэл судлагч, түүхч 200 гаруй мэрэгжилтэн бэлтгэжэ. Одоо танайд хэдэн оюутан сурч байна вэ?
- Одоо бид бакалавраар 4 жил, магистраар дахиад хоёр жилийн шинэ системээр сургаж байгаа. Жил бүр оюутан элсүүлдэггүй. Манайд одоо 1-р курст 7, 4-р курст 10, тавдугаар курст 5, зургадугаар курст 2 оюутан суралцаж байгаа. Нийтдээ 24 оюутан сурч байгаа. Тэнхимийн бүх багш энэ тэнхимийг төгсөгчид. Бид бүгд оросууд. Гэхдээ одоо Монголоос багш урихаар хэлэлцээ хийж байгаа. Манай аспирантурт суралцах монгол аспирантын нэгийг багшлуулж болох юм.
- Ирээдүйн монголч эрдэмтэдэд хэл заах хөтөлбөрийн талаар ярина уу?
- Маш шахуу хөтөлбөртэй. Нэгдүгээр курст долоо хоногт монгол хэлний хичээл 14 цаг, хоёрдугаар курст 16 цаг ордог. Оюутнууд дөрвөн жил бакалавраар суралцахдаа худам монгол бичгийн хэл үзнэ, бас хоёр жил сонгодог төвд, хятад хэл үзнэ. Бид монгол хэлний шинэ тэнхимийн хөтөлбөрт буриад, манж, ойрд хэл заах боломжийг авч үзэж байгаа. Аливаа хэлийг тэр хэлээр яригчидтай харилцахгүйгээр үзэх боломжгүй. Иймээс бид оюутнуудаа Улаанбаатар хотод Монгол УИС-д дадлага хийлгэхийг чухалд үздэг. Зөвлөлтийн үед тийм уламжлалтай байсан. 90-ээд оны эхээр зарим нэг бэрхшээл тохиолдсон. Одоо улс хоорондын гэрээгээр арван сарын дадлага хийж байгаа. МУ-ын Боловсрол, ШУ, соёлын Яам орос оюутан, аспирантыг дадлага хийлгэх боломж олгож байгаа. Манай оюутнууд тийм дадлага хийхээр Монгол руу дуртай явдаг. Одоо манай 4,5-р курсийн оюутнууд Улаанбаатарт сурч байгаа. Тавдугаар курсийнхэн Монголд хоёр дахиа очоод байгаа.
- Танай төгсөгчид сургуулиа төгсөөд хаана ажилд ордог вэ?
- Эрдэм шинжилгээний ажил хийх нь нэг чиглэл. Манай төгсөгчид Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн СПб-гийн салбар, Улсын Эрмитажийн дорно дахины тасагт ажилладаг. Тэд Халимаг, Буриадын ШУ-ы болон боловсролын байгууллагад ажилд ордог, тэгэхдээ энэ улсуудаас манай суралцахаар ирэгсэд төдийгүй, бусад төгсөгч ч тэнд ажилладаг. Өөр нэг чиглэл нь дипломатын болон орчуулгын, мөн багшлах ажиллагаа юм. Одоо мэрэгжлээрээ ажилд ороход зарим талаар түвэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ эцсийн бүлэгт бүгд ажилтай болдог. Гол төлөв орос-монголын хамтарсан үйлдвэр, компанид ажилладаг.
- Та бүхэн СПБ-гийн их сургуулийн монгол хэлний тэнхимийн эрхлэгч Павел Гроховскийн яриа уншсан.

Орчуулагч П. Шагдар