Foto: http://www.kulpole.ruЭнэ тухай манай сурвалжлагч Анатолий Михайлушкин тодруулахдаа:
- Оросын дэлхийн магнетизмын хүрээлэнгийн хэсэг мэрэгжилтэн Мосвагаас урагш 250 км орчим зайтай орших Куликовын талын нутгийн баруун хэсгийг судлах явцад энэ оны тавдугаар сард авсан мэдээгээ шинжилж дуусгав. 2006 оны хавар хүртэл энэ нутагт ХАА-н ургамал тарьсан байсан учир шинжилгээ судалгаа хийх боломжгүй байжээ. Гэхдээ түүхч, археологичид чухамхуу энэ нутгаас цэргийн нийтийн булш олно гэж найдаж байв, учир нь Куликовын талын бусад хэсэгт хийсэн, түүний дотор он дарааллын бичигт заасан нутгийн булшинд олон жил хайгуул хийсэн ч үр дүн гараагүй юм.
Москвагийн Донын Дмитрий вангийн нэгдсэн цэрэг тэр үеийнхний гэрчилснээр 150 мянга гаруй хүнтэй байжээ. Генуэзийн хөлсний явган цэрэг ч багтсан Мамай хааны цэрэг ч тооны хувьд оросуудынхаас дутахааргүй байв. 1380 оны есдүгээр сарын 8-нд өглөөний 11 цагийн орчимд өрсөлдөгч хоёр баатар Пересвет, Челубей нарын халз тулалдааны дараа цэргүүд үхлийн тулаанд оржээ. «… Хоёр их хүчин цусаа асгаруулан байлдаж, удахгүй мөхөхийг харахад аймаар байсан» гэж он дараалал бичигч ярьжээ. Тулалдаан эхэлснээс хойш гурван цагийн дараа воевод Дмитрий Боброкийн отолтод байсан хороо байлдаанд орсноор тулалдааны төгсгөл шийдэгдэв. Удтал байлдаж цуцсан дайсан Оросоос шинэ хүч орж ирэхэд айж сандрав. Татаар монголчууд улайран эсэргүүцсэн ч оросын хороодын түрэлтийг тэссэнгүй, санд мэнд зугатав.
Нар шингэх үед Дмитрий Ван тулалдааны талбар аймаар болсныг харжээ. Амь үрэгдэгсдийн цогцос хадсан өвс шиг хэвтэж байв. «Дон мөрөн гурван өдөр цусаар урссан» гэж он дараалал бичигч гэрчилжээ. Амьд үлдсэн дайчид, орчны тосгоны оршин суугчид найман өдөр уйлан хайлан, мөргөж залбиран байж амь үрэгдэгсдийг оршуулжээ. Гэхдээ булш байсан газрыг он дараалал бичигч буруу заажээ. Гар бичмэлд зааснаар Монастырщина тосгоны дэргэдээс ч, Куликовын талын өөр нутгаас ч цэргийн булш олдсонгүй. Зөвхөн ХАА-н эдэлбэр байсан нутаг л судлагдаагүй байв, эхний боломж гарангуут археологичид ажилдаа шамдан оржээ.
Эрэл хайгуулын орчин үеийн хэрэгслийн тусмламжтайгаар авсан мэдээг үндэслэн дэлхийн магнетизмын хүрээлэнгийн шинжээчид дараах дүгнэлтийг хийжээ. «Энэ нь ихэнх булшнаас илэрдэгийн адил, гар хүрмэгц яс нь үйрч бутарсан чандар юм». Энэ оны хавар ийм чандар бүхий зургаан хэсэг газар илрүүлэв. Энэ нь Куликовын талд болсон тулалдаанд оролцсон аль талын цэргийнх болохыг бас тодруулах хэрэгтэй. Ийм газраас олсон ихэнх булшинд ирэх оны хавраас малталт хийнэ гэж «Куликовын тал» улсын дархан цаазат музейн эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал Виктор Наумов ярив.
Археологийн ирээдүйн экспедицид оролцох хүсэлт оросын академийн эрдэмтдээс ч, гадаадаас ч ирж байна. Булшийг малтахад хүний цогцос төдийгүй, 14-р зууны олон хүний ийм булшинд хийдэг байсан өдий төдий эд агуурсын зүйлс олдоно гэдэгт эрдэмтэд итгэж байна гэж Анатолий Михайлушкин яриагаа төгсгөв.

Орчуулагч П. Шагдар