Улс орондоо энх тайван, аюулгүй байдал нийтийн хүчээр дахин тогтоохыг шашны нэгдэл, улс төрийн хүчний бүх удирдагчдад Москва уриалав. Иракийн хэрэг явдлыг манай тоймч ажиглахдаа:
- Террористууд өчигдөр Багдадын шийтүүдийн районы олон хэсэгт хэд хэдэн машинд мина тавьж, тэдгээрийг дэлбэлэхийн сацуу миномётээр буудаж эхэлжээ. Миномётын буудалтад орон сууцны хороолол, Иракийн нийслэлийн суннитуудын дүүргийн зах өртлөө. Энэ халдлагын уршгаар 200 гаруй хүн амь үрэгдэж, 300-гаас доошгүй хүн шархдав. Энэ нь 2003 оны 3-р сард өрнөдийн эвслийн цэрэг тэнд орсноос хойш хамгийн том халдлага болоод зогсохгүй. Энэ нь Иракийн түүхэнд шашны үндсэн дээр гарсан, суннитууд, шийтүүдийг бие биеэ дайсагнаж, шинээр мөргөлдөхөд өдөөн тухирсан хамгийн том халдлага болов. Ийм халдлага анх болж байгаа биш ээ. Шинжээч Виктор Кременюк ярихдаа:
- АНУ Саддам Хуссейний засгийг бут ниргэснээр нийгэмд хагарал гаргав. АНУ-ын хийсэн зүйл Саддам Хусейний үеийнхээс дээр гэдгийг маш олон ирак хүнд АНУ нотолж чадсангүй. Үүний улмаас террористуудыг дэмжвэл хавьгүй сайн амьдрана гэж бодож буй хүмүүс байна. Нэг хүчний зэвсгийн хүч нөгөө хүчнийг шашны урианд түшиглэн хүчиндээ итгэхэд хүргэв. Иракийн хувьд Жорж Бушийн боловсруулсан стратеги тус улсыг хүчирхийлэл, айдсын намагт живүүлж таарна, өнөөдөр ийм юм болж байна.
- Ийм халдлага үйлдснээр Иракийн байдлыг улам дордуулж, тус улсыг иргэний дайны эргүүлэгт нөгмөсөн оруулахыг оролдож байна. Хөршүүд, юуны өмнө Сири, Ирантай яриа хэлцээ хийх гэсэн улсын одоогийн удирдлагын чармайлтыг тасалдуулахыг санаархаж байгаа нь ч илт. Саяхан Багдад, Дамаск хоёр дипломат харилцаагаа сэргээсэн. Иракийн нөхөд үүнийг бүс нутагт тогтвортой байдал, энх тайван тогтоох алхам гэж үнэлсэн. Гэтэл үүний хариуд энгийн номхон суннитуудыг алж хядлаа. Багдадын шийтүүдийн хороололд дэлбэлэлт зохион байгуулсан этгээдүүд Иракийн дипломат бодлогод урьдаас цохилт өгөхөөр тооцоолжээ. Учир нь Иракийн ерөнхийлөгч маргааш орой Тегеранд ирэх ёстой байсан. Талууд энэ уулзалтыг өнөөдөр өөрсдийнх нь харилцаа, бүс нутгийн тогтвортой байдлыг муутгаж буй олон асуудлаар тохиролцох арга боловсруулах боломж гэж үзсэн юм. Яриа хэлцээнд сирийн тал ч оролцож болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. Ямар ч гэсэн Багдадад болсон дэлбэрэлтийн цуурай хөрш орнуудын удирдагчдад Иракт шашны хоорондын найрамдлын үүднээс яриа хэлцээ хийхэд саад болох ёсгүй, Москва үүнд аль болохоор туслахад бэлэн байна.

Орчуулагч П. Шагдар