Хяналтын хамтарсан хэсэг (ХХХ) дэх ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны Азийн 1-р департаментын орлогч дарга Владислав Верченко энэ тухай Бээжинд мэдэгдлээ. Манай тоймч тайлбарлахдаа:
- Орос, Хятад, Казах, Киргиз, Тажикийн дипломат болон цэргийн шинжээчдийн ХХХ-гийн ээлжит хуралдааны протоколд Хятадын нийслэлд өчигдөр гарын үсэг зурав. Цэргийн салбарт харилцан итгэлийн түвшин нэмэгдснийг хуралдаанд оролцогчид сэтгэл ханамжтай тэмдэглэв гэж оросын дипломатч ярив. Хилийн нутагт цэргийн салбарт итгэлцэл бэхжүүлэх тухай одоогийн хэлэлцээрүүдийн заалтыг зөрчсөн тохиолдол өмнөх жилүүдийн адил энэ жил ч гараагүйг тэмдэглэв.
1997 оны 4-р сард хилийн районд зэвсэгт хүчнийг харилцан хорогдуулах тухай Орос, Хятад, Казах, Киргиз, Тажикийн хэлэлцээрийн үндсэн дээр ХХХ-гийг байгуулжээ. Энэ хэсгийн онцлог нь таван жилийн ойг нь энэ жил тэмдэглэсэн ШХАБ-ыг байгуулахын үндэс суурь болсонд оршино гэж Владислав Верченко ярив.
Одоо ШХАБ-д Орос, Хятад, Казах, Киргиз, Тажик, Узбек Улс багтаж байна. Бүс нутгийн эвслийн бус олон үүрэгтэй энэ байгууллагад Монгол, Энэтхэг, Иран, Пакистан Улс ажиглагчаар оролцож буй. ШХАБ НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх байгууллага, Европын холбоо, ТУХН, АСЕАН-ы орнууд, Лалын бага хурал байгууллагатай ажил хэрэгч холбоо хэдийн тогтоожээ. ШХАБ, Афганистаны холбоо барих хэсгийг энэ жил байгуулсан. АНУ, Азербайжан, Белорусь, Туркмен зэрэг орон ШХАБ-тай аль нэг байдлаар хамтран ажиллахыг сонирхож байна.
Цэргийн салбарт итгэлцэл тогтоох нь бүс нутгийн орнуудын нэг гол зорилт боллоо. Тэр зорилтыг амжилттай шийдэж байна. Худалдаа-эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон ШУТ, соёл, хүмүүнлэгийн хүрээний хамтын ажиллагааны асуудлыг ч амжилттай шийдэх боллоо. Олон улсын террроризм, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, зэвсэг, мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэхэд ч ШХАБ-ын орнууд хамтран ажиллаж байна.

рчуулагч П. Шагдар