«ОДХ» радиогийн тоймч тайлбарлахдаа:
- Ийм хэлэлцээр байгуулсан нь Пусан хотод тээврийн асуудлаар сайдын түвшинд хийсэн зөвлөлгөөний чухал үр дүн боллоо. Зөвлөлгөөнийг ЭСКАТО буюу Азийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн комиссын ивгээлд зохион байгуулав. «Торгоны төмөр зам» гэж сэтгүүлчид хэдийн нэрлэсэн засгийн газар хоорондын баримт бичигт Оросоос гадна 17 улсын төлөөлөгчид гарын үсэг зурав. Уг хэлэлцээрт Оросын Алс дорнодыг оруулан АНД-н бүс нутгийг Европ тивтэй холбох Ази-Европын замаар тээвэр хийхээр заажээ.
Орос Улс Еврази дахь олон этгээдийн хамтын ажиллагааны энэ төслийг санаачилсан төдийгүй, оролцох чухал улс болсныг тэмдэглье. «Торгоны шинэ зам» Орос, Монголын төмөр замтай холбогдох ёстой, энэ зам Азиас Европ руу дамжин өнгөрөх одоо байгаа замтай ирээдүйд нэг өрсөлдөгч болно гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, энэ нь Суэцийн сувгийг дамжсан далайн замыг бодвол илүү түргэн, аюулгүй, тохиромжтой зам болох юм. Тээврийн шинэ замын нийт урт 81 мянган км юм.
Ази тивд газрын тээврийн дэд бүтцийг иж бүрэн хөгжүүлэх, ази-европын тээврийн зам байгуулах нь Орос Улсын хувьд сонирхол ихэд татаж байгааг Оросын ГХЯ тэмдэглэлээ. Манай орны газар зүйн байдлыг харгалзваас Пусаны хэлэлцээрт манай орон оролцох нь энэ төсөл амжилт олоход нэн чухал юм. Замын гол хэсэг — Сибирь дамнасан төмөр зам Оросын нутгийг дайран гарч буй. Төслийг хэрэгжүүлэх нь уг зам дайрч гарах Оросын нутгуудын эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд түлхэц болох нь эргэлзээгүй. Ази-Европын тээврийн шинэ зам байгуулах нь АНД-н бүс нутгийн улсуудтай манай орны худалдаа, ШУТ, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус болно.
Төслийг Орос Улс төрийн түвшинд дэмжсэн нь уг төсөл амжилт олох чухал баталгаа болно. Үүнтэй холбогдуулж Москва Ази дамжсан төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг биелүүлэхэд идэвхтэй оролцоход бэлэн байгааг Оросын ГХЯ мэдэгдлээ. Орос Улс АНД-н бүс нутагт нийгэм-эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт олон улсын олон талт цорын ганц байгууллага болох ЭСКАТО-гийн ивгээлд энэ үйл явцад оролцох бүх талтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг сонирхож байна.

Орчуулагч П. Шагдар