Орос, Монгол хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны 85 жилийн ойг 11-р сарын 5-нд тэмдэглэв. ОХУ-д суугаа, монголын элчин сайд, ноён Хангай энэ ойтой холбогдуулан манай радиокомпанид ярилцлага өгөв.
- 11 дүүгээр сарын 5-нд манай хоёр орны хооронд найрамдалт харилцааны Гэрээнд гарын үсэг зурсны 85 жилийн ойг тэмдэглэж байна. Таны бодлоор Монгол Орны хувьд энэхүү Гэрээ нь ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
- Энэ өдрүүдэд ОХУ болон Монгол Улсад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Орос Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Гэрээг Москва хотноо байгуулсан юм.
1921 оны Монгол – Оросын Гэрээ нь Монгол Улсын хувьд анхны тэгш эрхтэй олон улсын Гэрээ болсон юм. Энэхүү түүхэн гэрээ манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавьж, манай улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, орчин үеийн аж үйлдвэр, эрүүлийг хамгаалах, боловсролын тогтолцоо бий болгох үндэс суурийг тавьсан.
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол, Оросын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үзэл санааны дор явагдаж байгааг тэмдэглэж хэлмээр байна.
- Энэ онд монгол – оросын харилцаа ихээхэн идэвхжиж байна. Ямар үйл явдлууд гол үүрэг гүйцэтгэсэн бэ? Ирээдүйд хоёр орны хамтын ажиллагаа амжилттай хөгжихөд юуг чухал гэж үзэж бацна вэ?
- Ер нь жилээс жилд монгол – оросын харилцаа, хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт гүнзгийрэн бэхжиж байна. Энэ жил гэхэд монгол – оросын харилцаа ихээхэн идэвхжсэнийг Та зөв ажигласан байна.
Төр, засгийн дээд хэмжээний уулзалтууд болохын зэрэгцээ парламентын төлөөлөгчид, ГХЯ болон бусад салбарын удирдлагуудын уулзалтууд боллоо.
ОХУ-ын Засгийн газрын дарга М. Фрадковын Монгол Улсад хийсэн айлчлал, Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн арга хэмжээнд оролцсон нь цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц өглөө.
Энэ оны сүүлээр ОХУ-д хийх Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл хийгдэж байна. Энэхүү айлчлал нь монгол-оросын харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, хоёр орны цаашдын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлно гэж итгэж болно. Айлчлалын хүрээнд засгийн газар хооронд болон байгууллага хоорондын хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулна.
Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ онд тус комиссын болон хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаанууд боллоо. Өнөөгийн нөхцөлд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэгтэй тул эдгээр механизм үр дүнтэй байх явдал чухал гэж үзэж байна.
Монгол – Оросын хамтын ажиллагаанд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах нөөц боломж их байна. Сүүлийн үед оросын томоохон компаниуд Монгол орныг сонирхож, хөрөнгө оруулж монголын зах зээлд өрсдийн оролцоог өртгөтгөх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа. Бид тэднийг нь дэмжиж байна.
Орос орон бол манай хөрш, манай зүй ёсны түнш. Орос Улс ч, Монгол Улс ч сайн хөршийн, харилцаан ашигтай хамтын ажиллагаа, нягт холбоотой байх хүсэл эрмэлзлээ илэрхийлэж байгаа. Иймд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч амжилттай хөгжинө гэдэгт би итгэл төгс байна.