foto EPAОрос Улс атомын эрчим хүчний салбарт Европ, Ази тив, бас анхудаа Африк тивд шинэ түншүүдтэй хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх бодолтой байна. Лондонд болсон дэлхийн цөмийн холбооны бага хурлаас ийн мэдэгдлээ. Энэ бага хурлын ажиллагааг манай сурвалжлагч Константин Гарибов ажиглаж буй.
Энэ холбооны жил дутмын чуулгад дэлхийн цөмийн хамтын нийгэмлэгийн томчуул цуглардаг юм. Эд бол цөмийн түлш үйлдвэрлэдэг концерн, компанийн удирдагчид, өөрсдийн оронд цөмийн үйлдвэрийн асуудал зохицуулдаг улсын байгууллагын төлөөлөгчид юм. Нийтдээ 30-аад орноос 500 гаруй төлөөлөгч иржээ. Гадаад түншүүддээ Орос Улсын тавьсан саналыг чуулгад их сонирхож байна. Уран баяжуулахаас атомын цахилгаан станц барьж, ашиглах хүртэл олон үйлчилгээ үзүүлэх санал тавив. «Атомстройэкспорт» компанийн хувьд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүхий л боломж, нөөц бий гэж тус компанийн шинжээч Ирина Есипова мэдэгдлээ.
«Атомстройэкспорт» өөрийн орны гадна эрчим хүчний таван блок барьж буй. Энэтхэг, Хятад, Иранд барьж байгаа. Ирээдүй маш найдвартай байгаа, учир нь дэлхий дахинд маш олон орон атомын эрчим хүчийг хөгжүүлэхийг сонирхож буй. Өнөөдөр тус компани Болгарт атомын станц барих тендерт оролцож байгаа. Бидний төслийг асар их сонирхож байна, учир нь атомын реакторуудын аюулгүй байдлын шинэхэн технологи санал болгосон юм. Өөр орон ч атомын станцууд барих тендер зарлавал «Атомстройэкспорт» оролцоход бэлэн байгааг Ирина Есипова тэмдэглэлээ.
Орос Улс цөмийн хүрээнд ЕАБНУ-тай бүрэн хэмжээний хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгааг Лондоны чуулга дээр мэдэгдлээ. Мароккод атомын цахилгаан станц барьж, ашиглахад нь инженер-консалтингийн туслалцаа үзүүлэх, бас ажилтныг сургахад манай орон оролцохыг Мароккод сонирхож буй. Гадаадын компаниудтай өрсөлдөхөд «Атомстройэкспортын» нэг давуу тал нь хэлэлцээрээ нарийн чанд биелүүлдэг явдал болохыг Ирина Есипова тэмдэглэлээ.
Бид гэрээний үүргээ сахин мөрдөхийг хичээдэг. Энэ нь орчин үеийн аюулгүй атомын станц барих эцсийн үр дүнтэй холбоотой. Заримдаа бид хугацааны хувьд хожимддог тал бий, гэхдээ бид гол нь аюулгүй байдлыг урьтал болгодог. Манай гадаад түншүүд үүнийг бүрэн зөвшөөрдөг, тиймээс энд бэрхшээл байхгүй.
Энэ салбар дахь шинэ төсөл нь АЦС-уудад зориулсан уран баяжуулах олон улсын цөмийн төвүүд юм. Орос Улс энэ төслийг санаачилж, түүнийг хэрэгжүүлэх бараг бэлэн талбарыг хэдийн олгоод байна.

Орчуулагч П. Шагдар