Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд орос хэлний төв ажилласаар 30 жил боллоо. Өнөөдөр энэ төвийг профессор Тамара Бронская тэргүүлж байна. Тэр Эрхүү хотод монгол оюутнуудад олон жил орос хэл зааж байгаад Монголын нийслэлд очжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байхдаа Тамара Бронскаятай уулзсан юм.
-Монгол Улсад орос хэл сонирхох нь өнөөдөр аль хэр их байна гэж та үздэг вэ?
- Манай төв Монгол Улсад ажилласан жилүүдэд орос хэлд янз бүрээр хандаж байв. 90-ээд онд түүнийг сонирхох явдал ихээхэн буурсан удаатай. Харин одоо нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөлд орос хэл сонирхох нь сэргэж байгааг тэмдэглэхэд таатай байна. Энэ хэлийг сурахыг хүсэгчид олширч байна. Ингэнэ гэж орос хэлний багш нар бид итгэж байсан. Монгол Улсын Их Сургуулийн орос хэлний багш нар сургуулийнхаа номын санд судалгаа хийжээ. Тэгэхэд энэ номын санд байсан сурах бичгийн гуравны нэг гаруй буюу 125 мянган хувь ном орос хэлээр байв. Бусад дээд сургуулийн номын сан ч адил. Тэгэхээр монгол оюутнууд гол төлөв орос хэлээр дамжиж эрдэм сурч буй. Иймээс орос хэл сурах нь зайлшгүй чухал. Энэ хичээлийн жилд монголын ерөнхий боловсролын бүх сургуульд орос хэлийг 7-р ангиас заавал үзэх болсон нь баярлуулж байна.
-Монголд орос хэлийг сонирхох явдал нэмэгдсэнтэй уялдаж танай төвийн өмнө ямар зорилт тулгарч байна вэ?
-Юуны өмнө Монголын дунд сургууль, их дээд сургуулийн орос хэлний багш нарын мэрэгшил дээшлүүлэх дамжааг манай төвд яаралтай байгуулах зорилт тулгарлаа. Одоо гадаад хэл болох орос хэл сурах шинэ арга, шинэ жишиг боловсруулаад байгаа. Бид түүнийгээ монгол багш нарт танилцуулах бодолтой байна. Эхний алхам хэдийн хийсэн. ОХУ-ын «Орос хэл» улсын зорилтот хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургуульд түшиглэн бид Улаанбаатар хотын их дээд сургуулиудын багш нарын зориулан тийм дамжаа хичээлүүлсэн. Москва дахь Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургуульд монголын орос хэлний багш нар дадлага хийдгийг энэ жилээс сэргээнэ. Саяхан Улаанбаатар хотод Оросын хүмүүнлэгийн шинжлэх ухааны сангийн дарга, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Юрий Воротников ирсэн. Тэр Монголд орос хэл заах байдлыг судлах суурь төслийг монголын орос хэлний багш нартай хамтран боловсруулж, дараа нь Улаанбаатар хотод Москва, Санкт-Петербург, ОХУ-ын бусад хотоос мэрэгжилтнүүд урьж, орос хэлний багш нарын чуулгыг дээрх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах санал тавьсан.
-Танай төвд орос хэлний дамжаа байдаг уу?
-Орос хэл сурах гэсэн бүх хүнд зориулсан дамжаа бий. Эхлэн сурагчдад ч, хэлээ сайжруулахыг хүсэгчдэд ч зориулсан дамжаатай. Манайд ахлан ангийн хүүхдүүд сурдаг. Тэд гол төлөв Орост суралцахаар явахыг хүсч байгаа хүүхдүүд. Бас орос хэл мэрэгжлийн ажилд нь чухал томчуулын бүлэг ч бий.
Бид Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн орос хэлний төвийн захирал Тамара Бронскаягийн яриа нийтлэв.

Орчуулагч П. Шагдар