Оросын үйлдвэрүүд Оросын түлш-эрчим хүчний цогцолборт зориулсан шинжлэх ухааны ололт их зарцуулдаг нарийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын пүүсүүдтэй амжилттай өрсөлдөж байна. Тухайлбал, нефть, хийн ордуудад хасах 50 хэмийн хүйтэнд ажилладаг тусгай аппаратыг Пензен мужийн Заречный хот дахь Оросын «Сенсор» компани боловсруулан үйлдвэрлэж байна.
Оросын нефть, хийн голлох компаниуд Умард нутгийн хатуу ширүүн нөхцөлд нүүрс ус төрөгчийн түүхий эд олборлох болж байгаа юм. Хүйтэнд дассан тусгай багаж, систем энд хэрэгтэй. Улсын атомын эрчим хүчний агентлагийн системд багтдаг «Сенсор» үйлдвэр чухамхүү тэдгээр бүтээгдэхүүнийг гаргаж байна. Тус үйлдвэр дээд зэргийн нарийвчлалтай, шинжлэх ухааны ололт их зарцуулдаг цахилгаан механик, цахим багаж хэрэгсэл дагнан үйлдвэрлэж байна. «Сенсорын» үйлдвэрлэж буй цахилгаан тоног төхөөрөмжийн гол шинж нь тэсрэлтээс хамгаалагдсан найдвартай байдаг юм. «Энэ нь нефтийн бүтээгдэхүүн, өтгөрүүлсэн хийд зориулсан түвшин хэмжигч, тусгай халаапан, дохиолол, арилжааны тооцооны багаж юм. Энэ бүхэн ОУ-д ч бас Украин, Литва, Белорусь, Казахийн пүүс гээд манай захиалагчид байдаг ойрын гадаад улсуудад хэрэгтэй» гэж «Сенсор» шинжлэх ухаан – үйлдвэрлэлийн үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгч Петр Ведышев бүтээгдэхүүний тухай хэлсэн.
«Сенсор» үйлдвэр ОУ-д том, жижиг компаниудтай хамтран ажиллаж байна. Тэдгээрийн түншийн дотор Лукойл, ТНК, Газпром, Башнефть, Славнефть байна. Гадаадын компаниудын тоног төхөөрөмжтэй жишвэл эх орны хэрэглэгчид зориулсан Оросын бүтээгдэхүүн юуны өмнө хүйтэнд тэсвэртэй үзүүлэлтээрээ илүү сонирхогддог юм. Дашрамд дурдахад, Ноябрск хотод Ямало-Ненецкийн автономит тойргийн нефть, хий олборлох төвд тусгай туршилт хийж байна.
Одоо дэлхий дахинд өтгөрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийг ихэд анхаарч байна. ОУ-д ялангуяа Баренцийн тэнгисийн эх газрын хүзүүвч дэх 3,2 триллион шоо метр хийн нөөцтэй Штокмановын хийн том орд эзэмших төлөвийг харгалзваас энэ чиглэл идэвхтэй хөгжиж байна. «Бид өтгөрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхэд зориулан дээд даралтын цахилгаан соронзон халаапан хийж байна, энэ нь ойрын үед нэн шаардлагатай болно. Тэдгээрийг өтгөрүүлсэн байгалийн хийн худалдаачид их сонирхдог юм» гэж Петр Ведышев пүүсийн шинэ бүтээлүүдийн тухай хэлсэн.
Компани өнөөдер мянга гаруй захиалагчтай. Шинэхэн бүтээлийн дотор тээврийн нөөцлүүр – хийн тэрэг, зургаан метр гаруй өндөр том нөөцлүүрт зориулсан түвшин хэмжигч байна. Дээд зэргийн найдвартай энэ шинэ бүтээгдэхүүн нефтийн болон хийн тоног төхөөрөмжийн зах зээлд их эрэлттэй байгаа юм.

Орчуулагч П. Шагдар