foto EPAОрос Улс дунд болон бага тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс дангаараа гарч болох юм. Москва дахь Батлан хамгаалах Яамны нэрээ хэлээгүй төлөөлөгч ийн мэдэгджээ. Орос-америкийн энэ гэрээг 1987 онд байгуулсан бөгөөд 500-5000 км-ын радиустай баллистик бүх пуужин, бас тэдгээрийг харвах төхөөргийг үйлдвэрлэхийг хориглож, устгахаар заажээ.
Ер нь ийм ноцтой асуудлаар нэргүй мэдэгдэл хийсэн нь эцсийн дүгнэлт хийх шалтаг болохгүй. Гэвч «Независимая газета» сонины цэргийн тоймд энэ үндсэн дээр яаравчлан дүгнэлт хийж, Батлан хамгаалах Яам дунд болон бага тусгалтай пуужингийн тухай гэрээнээс гарах нь гэж бичжээ. Тус сонины энэ оны 9-р сарын 1-ний өгүүлэлд ийм гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Чухамхүү энэ хоёр ангиллын пуужингууд АНУ-ын байгуулж буй пуужингийн довтолгооноос хамгаалах дэлхийн системийг устгахад тун сайн тохирно гэж сонинд бичжээ.
Гэтэл хэдхэн өдрийн өмнө Аляскт Орос, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзах үед дунд болон бага тусалтай пуужингийн тухай гэрээний хувь заяаг хөндөөгүй юм. Үүний сацуу тэд Пентагоны пуужингийн довтолгооноос хамгаалах төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд террористуудтай тэмцэхэд зориулан тив хоорондын стратегийн баллистик пуужинд цөмийн биш байлдааны цэнэг тавих тухай Рамсфелдын саналыг Оросын сайд лав одоогоор няцаагаад буй.
Гэхдээ Орос Улс дунд болон бага тусгалтай пуужингийн талаар АНУ-тай байгуулсан гэрээнээс гарах асуудлыг одоогоор авч үзээгүйг Сергей Иванов энэ оны 4-р сард Хятадад ярьж байлаа. Үүний сацуу энэ баримт бичиг «хүйтэн дайны» зүйл бөгөөд өнөөгийн бодит байдалд нийцэхгүй байгааг Иванов сайд дүгнэсэн. Олон арван улс дунд болон бага тусгалтай пуужинтай болно гэж хорин жилийн өмнө таамаглах аргагүй байжээ.
Дунд болон бага тусгалтай пуужингийн тухай гэрээ нь бусад гэрээний адил аль нэг тал үг гэрээ үндэсний аюулгүй байдлынх нь эрх ашигт нийцэхээ боливол түүнээс гарах эрхийг олгож буй. АНУ тийм боломжийг ашиглан пуужингийн довтолгооноос хамгаалах тухай 1972 оны гэрээнээс дангаараа гарсныг санаж байна. Өөрөөр хэлбэл тийм жишээ бий. Одоогийн нөхцөлд террористуудын баазуудад цохилт өгөхийн тулд дунд болон бага тусгалтай пуужин хэрэглэх нь тив хоорондын баллистик пуужинг АНУ-ын санал болгож байгаачлан цөмийн биш байлдааны цэнэгээр төхөөрөмжлөхөөс илүү учир утгатай юм. Энэ асуудал маш нарийн, түүнийг шийдэхдээ зэвсэг хураах үйл явцыг бусниулахгүй, олон улсын байдлыг хурцатгахгүй, бие биеэ сэжиглэхгүй байх хэрэгтэй. Орос Улс, АНУ илэн далангүй шудрага зөвлөлдөөн хийх хэрэгтэй. Улс хоорондын харилцааны итгэлийн одоогийн түвшинд нийцсэн, стратегийн түншийн шинжтэй болохыг эрмэлзсэн харилцан зөвшөөрч болох шийдвэрт хүрэх боломж олгох яриа хэлцээ хэрэгтэй юм.

Орчуулагч П. Шагдар