foto EPAОйрхи дорнодын асуудлыг бүх талаар зохицуулах талаар олон улсын шинэ бага хурал хийх тухай арабын улсуудын холбооны санаачлагыг ОУ дэмжиж байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ойрхи дорнодоор пүрэв гаригаас аялаж эхлэхийн өмнө «Российская газета» сонинд ийн мэдээлэв. Оросын ГХ-ийн сайд хоёр өдөр Ливан, Сири, Израиль, Палестины нутгаар орно.
Израиль, Ливаны хооронд дайнд хүргэсэн хямралын дараа ойрхи дорнодын асуудлыг зохицуулах талаар шинээр бага хурал хийх нь бүрэн зүйн хэрэг гэж Сергей Лавров үзэж байна. Тэгээд ч арабын улсуудын холбооны энэ саналыг хэрэгжүүлэхийг хичээхээ сайд нэмж хэлэв. Палестины асуудал зохицуулагдаагүй нь Ойрхи дорнодын байдал тэсрэх аюултай байгаагийн үндэс болох нь мэдээж гэж Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн хэллээ. Үүний сацуу ойрхи дорнодын мөргөлдөөний бүх хэсэг харилцан холбоотой гэж тэр үзэж байна. Ливаны ч, сирийн ч хүчин зүйл бий, араб-израилийн мөргөлдөөний бүх талыг хамарсан асуудал ч бий.
Чухамхүү араб-израилийн мөргөлдөөн зохицуулагдаагүй хэвээр байгаа нь Ойрхи дорнодод хүчирхийлэл дэгдсний гол шалтгаан болов, үүнийг «Хүйтэн дайн» дууссанаас хойш 15 жил болж буй өнөө үед юугаар ч зөвтгөшгүй юм. Үүнийг улс төр, дипломатын аргаар шийдэхээс өөр ухаалаг зүйл үгүйг хэрэг явдал дахин нотолж байна. Тэгээд ч дэлхийн хамтын нийгэмлэг энэ бүс нутгийн байдлыг даруй зохицуулах чармайлтаа эрс идэвхжүүлэх хэрэгтэй. Ливан-израилийн хил дээрх сүүлчийн хэрэг явдлын уршгийг арилгах нь энэ замд эхний алхам болно гэж найдах байна гэж Сергей Лавров мэдэгдлээ.
Сайд «Российская газета» сонинд өгсөн ярилцлагадаа Израильтай мөргөлдсний уршгийг эвээр зохицуулахад Ливаны улс төрийн бүх хүчин, түүний дотор шийтүүдийн «Хезболлах» хөдөлгөөнийг оролцуулахын чухлыг онцлон тэмдэглэв. «Хезболлах» нь Ливаны улс төрийн хууль ёсны хүчин гэж Сергей Лавров үзэж байна. Түүний төлөөлөгчид парламент болон засгийн газарт бий. «Хезболлах» нь Ливаны шийт омгийнхоны хэсэг. Тэр нь гадаадаас ирсэн зүйл биш гэж сайд ярив. Палестины улс төрийн амьдралын хэсэг хэвээр байгаа «ХАМАС» хэмээх радикал хөдөлгөөн ч мөн тийм гэж Сергей Лавров үзэж байна.

Орчуулагч П. Шагдар