Олон улсын агаар, сансрын их хурал өчигдөр Москвад ажлаа эхэллээ. Чуулгыг Оросын тойрог замын «Мир» станцыг тойрог замд гаргасаны 20 жилийн ойд зориулжээ.
Оросын пуужин-сансрын «Энергия» нэгдлийн 60 жилийн ой ч энэ өдрүүдэд болж байна. Сансрын уудмыг эзэмших талаар Орос Улсад гол байгууллага болох энэ нэгдлийн төлөвлөгөөг нэгдлийн тэргүүн Николай Севастьянов сэтгүүлчдэд танилцуулав. Орос Улс Сар, Ангариг гариг руу жолоодлогот нислэг хийх технологийн боломжтой гэж тэр ярив.
Дунд хугацааны зорилт нь Сарыг тойрон нисч гадаргад нь буух явдал. Ангариг гариг руу нисэх тухайд бол энэ зууны гурав дугаар арван жилийн дунд үед нисэхээр төлөвлөж байна. Гэхдээ Улаан нүдэн гариг руу хүн илгээх хэрэгтэй эсэх асуултад хариулах нь тийм ч амаргүй байна. Техник маш түргэн хөгжиж байгаа тул эрдэм шинжилгээний бараг ямар ч зорилтыг цагийн хувьд, гаргах зардлын хувьд илүү ур бутээлтэй автоматаар шийдэж болох юм. Ангариг гариг руу хийх хамгийн түвэгтэй автомат нислэг гэхэд тэрбум доллар шахуу зардал шаардсан. Тэгвэл Ангариг гариг руу хүн нисэхэд хамгийн наад талаар бодоход 25-30 тэрбум доллар орно.
Гэхдээ энд маш ноцтой нэг асуудал бий. Дэлхийн технологид одоогоор мэдэцтэй амьд мэрэгжилтэн шиг бүрэн бие даан ажиллаж чадах хиймэл оюун ухаантан алга байна. Өөрөөр хэлбэл, судлах арга сонгох, тодорхой шийд гаргахыг хүн л шийднэ. Энэ нь ч Ангариг гариг руу хийх аяллын үзэл суртлын бааз юм гэж сансрын судалгааны хүрээлэнгийн профессор Вячеслав Линкин үзэж байна.
Гаригийн гадаргыг өрөмдөх аппаратууд, нисэх аппарат роботуудын тухайд бол тэдгээрийг удирдах, ажиллагааг нь хянахад ашигтай байхсан. Үүнийг дэлхийгээс хийхэд бэрхшээлтэй. Дэлхийгээс тэр робот хүртэл дохио өгч, буцааж ирүүлэхэд хагас цаг болно. Түүнээс ч илүү болж магадгүй. Саатвал оперативын удирдлагаг даруй хүндрүүлнэ. Харин манай сансрын нисэгч Ангариг гаригийн тойрог замд байвал саатах хугацаа багасна. Гадаргад өөрийн биеэр байх албагүй. Мониторын өмнө суухад хавьгүй эвтэй, бусад бүх зүйлийг робот гүйцэтгэнэ. Гэсэн ч хүн эрт орой хэзээ боловч энэ гаригт очих ёстой. Оршин суухад хэцүү газар хүний сэтгэлийг ямагт татдаг юм.
Оросын эмнэлэг-биологийн асуудлын хүрээлэн энэ шатанд хүний хувьд бараг л хамгийн хүнд нөхцөл бурдуулж байна. Түүний баазад түшиглэн ирэх жил «Марс-500» туршилт эхэлнэ, тэр туршилтын явцад гариг хооронжын нислэгийн бүх зүйлийг загварчлах ёстой. Туршилтад оролцохоор 17 орны 70 гаруй иргэн мэдүүлгээ өгөөд байна. Сайн дурынхан дотор 6 эмэгтэй, бүр нэг гэр бүл байна.

Орчуулагч П. Шагдар