Эрхүү мужид дэлхийн хамгийн гүнзгий нуур, «Сибирийн сувд» Байгал нуурын өдрийг тэмдэглэв. Энэ баяр 8-р сарын сүүлчийн ням гаригт тохиодог бөгөөд 1999 оноос тэмдэглэж байгаа юм. Эргийн нийт бүсийн тэн хагас орчим нь онцгой хамгаалалттай нутаг, түүний дотор 3 дархан нутаг, 2 үндэсний парк бий. Энэ баяр дэлхийн хамгийн том нуурын экологийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.
Ази тивийн бараг төвд, Сибирийн тайгийн дунд орших Байгал нуурын урт 600 км, өргөн нь 80 км. Орчны уул нурууны одоо ч хэвээр байгаа газар чичирхийллийн үйл явц Байгал нуурыг хамгийн гүнзгий нуур – 1642 метр гүнзгий нуур болгожээ. Туунээс ч гүнзгий байж мэднэ гэж эрдэмтэд сүүлийн үед таамаглаж байна. Их нуурт 300 гаруй том жижиг гол мөрөн цутгадаг, түүнээс зөвхөн ганц Ангар мөрөн л секунд дутамд 2000 шоо метр хүйтэн цэнгэг усыг Красноярскийн хязгаар дахь холын Енисей мөрөн рүү аваачдаг юм.
Байгал нуурын өдрийн баярт хотынхон, мужийн төвийн зочид, экологийн хөдөлгөөний төлөөлөгчид, урлагийнхан, хүүхдийн авьяастнууд оролцов. Байгалийн өдрийн ёслол Ангар мөрний гүүрнээс хувцас өмссөн жагсаалаас эхэлж, Оросын хаан гуравдугаар Александрын хөшөөнд хүрлээ. Энд зассан дөрвөн тайзнаа үндсэн арга хэмжээ болж, хувцасны тэмцээн, уран бүтээлчдийн тоглолт, залуу яруу найрагч, жүжгийн зохиолчдын тэмцээн, сайн дурын уран сайханчдын экологийн сэдэвтэй тоглолт, театрчилсан тоглолт боллоо. Байгалийн өдрүүдийн хүрээнд «Зуны хуучдын ашигтай зөвлөлгөө» театрчилсан хөгжөөнт тоглолт, хүүхэд, залуучуудын уран бүтээлчдийн ордон, «Байгалийн хөдөлгөөний» төлөөлөгчдийн тоглолт, бас «Бид Байгал нуурт амарсан» сэдэвтэй зураг, «Дэлхийн цэнхэр мэлмий Байгалийг хамгаалъя» зурагт хуудасны тэмцээн боллоо. Төгсгөлд нь тэмцээний дүн гаргаж, шагнал гадуулав. Энд баярт оролцогчид Байгал нуурыг хамгаалах тунхагт гарын үсэг зурав.

Орчуулагч П. Шагдар