Оросын сансрын салбарын тэргүүлэх үйлдвэр – пуужин-сансрын «Энергия» нэгдэл Сар, Ангариг гариг руу нисч, Сугар гаригийг автомат аппаратын тусламжтайгаар судлахаа сэргээхээр төлөвлөж байна. Москвад болсон ойн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд нэгдлийн төлөөлөгчид энэ төлөвлөгөөний тухай ярьжээ. Тус нэгдэл энэ өдрүүдэд 60 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Энэ 60 жилд сансарт Орос Улсын олсон бүх ололт, сансрын ихэнх шинэ технологи «Энергия» нэгдэлтэй аль нэг талаар холбоотой юм. Энд автомат болон пуужинт систем, жолоодлогот сансар судлалын хөлгүүд бүтээдэг. Нэг гол чиглэл нь ОУСС бүтээж, ашиглаж байгаа явдал. Тус нэгдэл ойрын 25 жилийн судалгааны хөтөлбөр боловсруулсныг нэгдлийн ерөнхий зохион бүтээгч Николай Севастьянов мэдээлэв.
Николай Севастьянов: Юуны өмнө бид гарцаагүй хошуучилж буй жолоодлогот сансар байна. Бид ОУСС-ын оросын сегментийн боломжийг ихээхэн өргөжүүлэх олон зориулалтат шинэ лабораторийн модуль бүтээх ажил эхлүүллээ. Бид олон улсын хамтын ажиллагаанд, жишээ нь станц руу 2007 оноос нисэх европын ачааны хөлөг бүтээхэд идэвхтэй оролцож байна. Бид үндсэн хэдэн системийг бүтээж нийлүүлнэ.Түүний дотор залгах, цэнэглэх систем, удирдлагын системийн хэсэг буй. Бид бас ОУСС-ын америкийн сегментэд зориулан амьдралыг хангах систем нийлүүлдэг гэж оросын сансрын нэгдлийн Ерөнхий зохион бүтээгч ярив.
Эдийн засгийн хувьд ур ашигтай байх зарчмын үндсэн дээр сансрыг аж үйлдвэрийн аргаар эзэмшихэд шилжих хэрэгтэй цаг хэдийн болсон гэж «Энергия» нэгдлийнхэн үзэж байна. Хөтөлбөрийн нэг тийм зорилгын нэг нь олон дахин ашиглах тээврийн «Клипер» систем байгуулах явдал юм. Цааш нь Сарыг эзэмшиж, Ангариг, Сугар гариг руу нисэхээр төлөвлөж байна.

Орчуулагч П. Шагдар