Хүнд өвчтэй, үнэтэй эмчилгээ шаардагдаж буй хүүхдүүдэд Оросын банкны нийгэмлэгүүд тусална. Оросын бүс нутгийн банкуудын холбоо, хандивын «Амьдралын шугам» хөтөлбөр хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурав. Манай сурвалжлагч тодруулахдаа:
Орост аритма, тархины судасны эмгэг, зүрхний согог зэрэг зүрх судасны хүнд өвчтэй 10 мянга гаруй хүүхэд байдаг. Эмчилгээ нь маш үнэтэй, тэр болгон бүх эцэг эх төлж барахгүй.
«Амьдралын шугам» хандивын хөтөлбөр дээд зэргийн технологийн нарийн мэс ажилбар хийх хөрөнгө цуглуулдаг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хоёр жилд тийм мэс ажилбар хийхэд 3,5 сая гаруй доллар цуглуулжээ. 700 гаруй хүүхдийг аварсан байна. «Амьдралын шугам» хөтөлбөрт Оросын бүс нутгийн банкуудын холбоо нэгдэхээр шийдлээ. Оросын банкууд үүнээс ч өмнө хандивын арга хэмжээнд ямар нэг байдлаар оролцож байв. Гэхдээ энэ хөтөлбөрийн онцлог нь зүгээр л мөнгө цуглуулдаг биш ээ. Хэнд туслахаа банкууд мэднэ гэж холбооны ерөнхийлөгч Александр Мурычев тайлбарлав.

Александр Мурычев: «Надад 500 хүүхдийн нэр бий. Банк бүр тодорхой районд аж төрдөг тодорхой хүүхдийг хариуцна. Бусад бүх төслөөс ялгаатай тал уунд оршино. Энэ нь бидэнд их урам оруулсан. Манайд хэдэн хүүхэд банкны хамтын нийгэмлэгийн дэмжлэгийн дунд шинэ амьдралд орж, эрүүл биетэй болсныг бид улсдаа жил бүр илтгэж байх болно гэж би бодож байна».
«Амьдралын шугам» хөтөлбөр банкуудад сайшаалын үнэмлэх өгч, жишээлэхэд «Хүүхэд хамгаалагч» цолоор шагнаж байх болно. Энэ нь сэтгэл хөдлөлөө нуухыг хичээж байдаг банкны эзэд шиг заримдаа хатуу гэмээр тийм хүмүүст ч таатай байх болно. Гэхдээ хамгийн том шагнал нь жаргалтай эцэг эхийн инээмсэглэл, амь нас нь дээсэн дөрөн дээр байсан, эрүүл болсон хүүхдүүдийн инээд хөөр гэж Яков Бранд тэмдэглэв.

Орчуулагч П. Шагдар