ОУ түлшний байгалийн нөөцөөр гачигдахгүй төдийгүй, олон арван жил өөрийн дотоодын хэрэгцээг ч, ойрын болон алсын түншүүдийн хэрэгцээг ч хангаж чадна. Оросын түлш-эрчим хүчний цогцолборыг байгуулсан, Баруун Сибирийн «их нефтийг» анх нээсэн Фарман Салманов нүүрс ус төрөгчийн ордууд олон триллион шоо метр хий, олон тэрбум тонн нефть өгч чадна гэж нотолж буй. Маш гүний ордууд ийм чадавхитай гэж мэрэгжилтнүүд үзэж байна.
Фарман Салманов бол практикч геологич хүн. Тэр нефть, хийн 150 орчим орд анх нээсэн, тэдгээрийн дотор Сургут, Уренгой, Ямбургийн зэрэг алдартай орд бий. Зөвлөлтийн, дараа нь Оросын нефть, хий олборлолтын эцэг энэ хүн саяхан 75 нас хүрсэн, гэсэн ч «Югнефтегаз» компанийн захирлуудын зөвлөлийг тэргүүлэн эх орны түлш-эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэхэд идэвхтэй оролцсоор байна. Мөнөөх Баруун Сибирьт нефть, хийн орд шавхагдаж байгаа тухай цуу яриаг ямар ч үндэсгүй гэж тэр үзэж байна. Ийм зохиомол яриа өрсөлдөгчдөөсөө айж байгаа буюу оросын компаниуд хөрөнгөжиж байгааг бууруулахыг хүсч буй этгээдүүдэд л хэрэгтэй биз.
Фарман Салманов: «Баруун Сибирь 21-р зуунд нефть, хий олборлодог гол нутаг хэвээр байна. Энд асар уудам талбайг судлаагүй, нэг тойрогт энэ нь нутгийн тэн хагас болж буй. Доод давхаргыг огт судлаагүй, бид нефтийн тэн хагасыг олборлон, 50 хувийг нь хөрсөнд үлдээдэг нь тун чухал юм. Өнөөдөр тийм нефтийг олборлох орчин үеийн технологитой болсон, тэгэхээр нефтийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болно».
ОУ нефтийн нөөцөөр дэлхийд Саудын аравийн дараа 2-рт, хийгээр нэгд ордог, энэ нь дэлхийн балансын 33 хувь. ОУ-д нийтдээ нүүрс ус төрөгчийн 2500 орчим орд нээсэн, ингэхдээ гуравны нэг гаруйхныг нь л хайж олоод байна. Маш гүний орд хэмээх нүүрс ус төрөгчийн бүхэл бүтэн давхарга бий гэж Фарман Салманов үздэг. Тэр нь Тюмень мужийн хойд этгээдэд 4 мянга гаруй метрийн гүнд буй. Тэдгээр дэх эрчим хүчний түүхий эдийн нөөц асар их — олон триллион шоо метр хий, олон тэрбум тонн нефть юм. Тэгэхээр дэлхийд «хар алтны» олборлолт жилийн дараа буурна гэж таамаглаж буй нөхцөлд ОУ-д нефтийн олборлолтоо нэмэгдүүлж, ингэснээр эрчим хүчний нийт тогтвортой байдлыг хангах боломж байна. ОУ-д нефтийн бас нэг компани бий болно гэж Фарман Салманов таамаглаж байна.
Фарман Салманов: «Оросын бага судлагдсан нэг нутаг нь Халимаг Улс. Тэнд их гүнд түүхий эд бий, би одоо энэ асуудлыг эрхэлж байгаа. Тэндээс «Их нефть» гаргана гэж итгэж буй».
Нефтчний 40 жилийн туршлагатай Фарман Салманов эндүүрэхгүй ээ. Тэр урьд Баруун Сибирээс «их нефть» гарна гэдэгт итгэхгүй байсан этгээдүүдийн бодлыг няцааж байсан. Түүний таамнал энэ удаад ч биелэх бий.

Орчуулагч П. Шагдар