ХАБГБ дайны төдийгүй, террорист шинжтэй ямар ч аюулд хариулт өгөх чадварын үүднээс олон үүрэгтэй байхыг зорьж байна. Түүнчилэн техникийн болон байгалийн сүйрлийн уршигтай тэмцэнэ. Казахт болж буй ХАБГБ-ын «Рубеж-2006» сургуульд очоод байгаа ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа ийн ярив. Тус байгууллагын гишүүн нь Армен, Белорусь, Казах, Киргиз, Орос, Тажик, Узбек Улс юм.
Сургуулийн төлөвлөгөөгөөр, олон улсын зэвсэгт байгууллагуудын зэвсэгт бүлэг бүс нутгийн нэг улсын засгийн эрхийг авч, төв Азийн байдлыг тогтворгүй болгох гэнэ. Дараа нь хөрш улсуудын нутгаас эзэлж, шинэ түрэмгий улс — «халифат» байгуулах гэнэ.
ХАБГБ-ын гишүүн улсууд дүрэмдээ зааснаар эзлэгдсэн улсын хөршид тусалж, террористуудыг устгана. Одоо болж байгаа ХАБГБ-ын сургууль сүүлийн жилүүдэд Киргиз, Узбект болсон үйл явдалтай нилээд төсөөтэйг ажиглагчид тэмдэглэжээ. Хамтарсан сургуульд Орос, Казах, Киргиз, Тажикийн 2500-гаад цэргийн албан хаагч оролцож байна. Каспийн тэнгисийн эрэгт, Казахийн нутагт хуурай зам, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин дайчилсныг Казахийн БХЯ-ны төлөөлөгч Сапар Жазипаров мэдээлэв.
«Сургуульд Төв азийн бүс нутгийн түргэн байрлах хамтын хүчний ангиуд оролцуулав. Сургуульд ХАБГБ-ын түүхэнд анхудаа төрөл бүрийн цэргийн хамтын ажиллагааг сургуулилж байна».
ХАБГБ өнөөдөр зөвлөлтөөс хойшхи нутагт аюулгүй байдлын ерөнхий систем бүхий улсуудын зэвсэгт хүчнийг нэгтгэсэн байгууллага болов. Энэ нь гэрээнд оролцогч орон бүрийн аюулгүй байдлыг хангахад чухал юм. Иймээс өнөөдөр ХАБГБ-ын улсууд оперативын байдлын өөрчлөлтийг тусгах систем бий болгох, тусгай албад, хууль хяналтын байгууллагуудын удирдагчдын хороо байгуулах, террортой тэмцэх хүчин байгуулах багц баримт бичиг хэлэлцэж байна. Харин ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар байгалийн болон техникийн осолд онцгой хариу өгөх хамтын хүчин байгуулах багц баримт бичиг бэлтгээд байгааг Бордюжа ярив.